2025 оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 1-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 17 настай хүү сураггүй алга болсон. Хүүг эрэн хайх ажиллагаа 10 дахь өдрөө үргэлжилж байна. Алга болсон хүүгийн талаар сурвалжиллаа.
Хүүгийн аав ээж тухайн үед гэртээ байгаагүй. Алга болохынхоо өмнө аав, ээжийнхээ данснаас их хэмжээний мөнгө авсан, мөрийтэй тоглоомд мөрий тавиад алдсан гэх мэт олон мэдээлэл цахим орчинд түгээд байгаа.
Б хүүгийн ээжтэй холбогдон тодрууллаа.
-Эрэн хайх ажиллагаанд ахиц гарсан зүйл байна уу?
-Одоогоор олдоогүй бид хайсаар л байна.
-Найз нөхөдтэй нь уулзсан байх?
-Найзууд нь эрэн хайх ажиллагаанд бас оролцоод явж байна.
-Таны данснаас их хэмжээний мөнгө авсан гэх мэт мэдээлэл түгээд байна. Та энэ талаар нь дуулсан уу?
-Хүүгээ л олж байвал түүнийг дараа нь тодруулахад болох байх аа. Би өөр зүйл нэмж яримааргүй байна. Хүүгээ олсны дараа мэдээлье.
Ингээд Ховд аймгийн Цагдаагийн газраас тодруулахад “2025 оны зургадугаар сарын 1-ний өдрийн 19:14 цагт Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 17 настай эрэгтэй Б гэх хүүхэд алга болсон мэдээлэл ирүүлсэн. Дуудлагын дагуу Жаргалант, Буянт сумдын нутаг дэвсгэрт эрэн сурвалжлах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй хаалттай хорих 457 дугаар анги, Жаргалант сумын Засаг даргын тамгын газар, Ерөнхий боловсролын сургуулиудын багш ажилчид, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Хөгжимт драмын театр, Буянт сумын Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагууд 40 тээврийн хэрэгсэлтэй, 326 хүний бүрэлдэхүүнтэй, 8 ширхэг дрон ашиглан мөн хотоос нэмэлт бүрэлдэхүүн өчигдөр ирж өнөөдөр эрэн хайх ажиллагаанд оролцоод явж байна. Аймгийн нутаг дэвсгэрт 24 цагийн турш эрэн хайх ажиллагааг явуулж байгаа. Өнөөдөр эзэнгүй зуслан, амралтын газруудаар хайж эхэлсэн. Байршлаа өөрчлөх боломжтой учраас эрэн хайх багийнхан байнгын сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байгаа. Одоогоор ямар нэгэн баттай сураг гараагүй байна” гэлээ.








