Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоол болон Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Боомтын сэргэлт” үндэсний хөтөлбөрт багтсан Гашуунсухайт–Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор эхэллээ.
Төслийн хүрээнд Монголын “Тавантолгой төмөр зам” ХХК болон БНХАУ-ын “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК хооронд 2025 оны 6 дугаар сарын 9-нд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд өнөөдөр гүүрийн анхны тулгуур цооногийн өрөмдлөгийг хийж, бүтээн байгуулалтын ажил газар дээрээ эхэлж байна.
Энэхүү үйл ажиллагаанд Монголын талаас “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Дүгэржав болон удирдлагууд, Хятадын талаас “Чайна Энержи”-ийн “Ганцмод рэйлвэй инвестмент” ХХК-ийн захирал Вань Шанжюнь, “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК-ийн дэд нарийн бичгийн дарга Ли Гуочян нар оролцсон байна.
Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр зам нь 32.6 км урттай, өргөн (1520 мм) болон нарийн (1435 мм) царигтай хос зам бүхий тээврийн сүлжээ байх бөгөөд жилд 40 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Үүнээс 19.5 км нь гол төмөр зам, үлдсэн хэсэгт өндөр гүүрэн байгууламжууд, хил орчмын хяналтын цогцолбор, технологийн барилга, дэд бүтцийн иж бүрэн шийдэл багтжээ.
Барилгын ажлыг 24 сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцаж байгаа бөгөөд төсөвт өртөг нь 902 тэрбум төгрөгөөр тооцоологдсон.
Төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонноос 165 сая тоннд хүрэх боломж бүрдэх бөгөөд зөвхөн Гашуунсухайт–Ганцмод чиглэлд жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломжтой. Ингэснээр 3 тэрбум ам.долларын экспортын орлого, төмөр замын тээврээс 250–300 сая ам.долларын орлого төвлөрч, ДНБ-д 1000 ам.доллараар нэмэгдэх тооцоо гарчээ.
Мөн энэхүү төмөр замын бүтээн байгуулалт нь Шивээхүрэн, Ханги, Бичигт зэрэг боомтуудыг төмөр замаар холбох нөхцөлийг бүрдүүлнэ. Гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгосон бөгөөд Хятадын “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК энэхүү ажлыг хэрэгжүүлж байна.
Энэхүү төмөр зам нь Монгол, Хятад хоёр улсын хооронд Замын-Үүд–Эрээн чиглэлийн дараа баригдаж буй хоёр дахь хил дамнасан төмөр зам бөгөөд 70 жилийн дараа ийнхүү Гашуунсухайт–Ганцмодын чиглэлд төмөр зам холбогдож байна. Төслийг Монгол Улс 2004 оноос ярьж эхэлсэн бөгөөд 2008 оноос хойшхи хэлэлцээр өнөөдөр бодит ажил болж хувирч байна.