Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.06.17/-ийн хуралдаанаар 5 асуудал хэлэлцлээ.
- Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц ахалж, ажлын хэсэгт П.Сайнзориг, Ж.Алдаржавхлан, А.Ундраа нарын гишүүд орж, тогтоолын төслийг дэмжлээ. УИХ-ын гишүүд орон сууцны метр квадратаас шалтгаалж зээл олгож байгаа нь буруу, ногоон зээлийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй барилга, гэр орон сууц дулаалах зориулалтаар хөгжлийн төлөвлөгөөнд хэдэн төгрөг төсөвлөснийг тодруулсан. Хөгжлийн төлөвлөгөөнд энэ чиглэлээр 300 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарсныг ажлын хэсгийн ахлагч тайлбарлав.
- Цэцэрлэг сургуулийн хүртээмж нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын даргын 85 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн боловсруулсан тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.
- Засгийн газраас өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн санал хураалаа. УИХ-ын гишүүд хүнс, эмийн стандартыг хэрхэн хянах, стандартыг хэрэгжүүлэхэд төр оролцохгүй байх асуудлыг онцоллоо. Хүний эрүүл мэндэд шууд хамааралтай хүнс, эмийн стандартын хяналт зайлшгүй шаардлагатай байгааг ажлын хэсэг дүгнэж хэллээ. Хяналтыг төр хийхээс илүүтэй мэргэжлийн холбоод хийх боломжтойг хариулав.
- Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай УИХ-ын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонслоо. Ерөнхий дүгнэлтээр зээлийн хүүг бууруулах хууль эрх зүйн өөрчлөлтийг хийж чадвал хүүг бууруулж болохоор байна. Стратеги нь зөв ч зээлийн хүүг бууруулах ажил хэрэгжсэнгүй гэж дүгнэсэн байна.
- “Сэлбэ дэд төв”-ийн нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний аудитын газар болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонслоо.
Сэлбэ төслийн хүрээнд 45 багц төсөлд тендер зарлаж хэрэгжүүлнэ. Сургууль цэцэрлэгийн багцыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Сэлбэ төслийн хүрээнд газар чөлөөлөлт 90 хувьтай, автозам 34 хувийн гүйцэтгэлтэй, гадна дулаан хангамжийн ажил 17 хувьтай, цахилгаан хангамж 8 хувьтай хэрэгжиж байна.