Баян-Өлгий аймагт байрлах Раашгэмпэллин хийдийн шинэ Цогчин дуганы албан ёсны нээлтийн ёслол, номын айлдварын арга хэмжээ 2025 оны 7 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогдлоо. Тус арга хэмжээ нь Монголын баруун хязгаар дахь Бурханы шашны соёл, уламжлалыг сэргээн таниулах, олон нийтэд хүргэх томоохон үйл явдал болох юм.
Нээлтийн бэлтгэл ажлын хүрээнд МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, даамал Р.Гантулга болон тус хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд нар Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс, аймгийн Засаг дарга Е.Зангар, Засаг даргын орлогч К.Бахытжан, ЗДТГ-ын дарга Ө.Тиянах нар оролцож, хийдийн үйл ажиллагаанд орон нутгийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Аймгийн Засаг дарга Е.Зангар хэлэхдээ:
“Баян-Өлгий аймагт Бурхан шашны хийд ашиглалтад орсноор уламжлалаа сэргээх, орчин үеийн хүүхдийн төлөвшилд чухал хувь нэмэр оруулна. Манай аймагт ислам болон буддын шашин зэрэгцэн оршин тогтнож байгаа нь энх тайван, эв нэгдлийн бэлгэдэл болно. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын өвийг таниулах боломж нээгдэж байна” хэмээн онцлов.
ИТХ-ын дарга А.Бегарыс ч мөн нийгмийн хандлага өөрчлөгдөж буй энэ үед уламжлалт соёл, ёс заншлыг дэмжих нь чухал болохыг тэмдэглэн, орон нутгийн зүгээс зохион байгуулалтыг өндөр түвшинд хангахад бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
МБШТ- Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд:
“Сүүлийн 10 жилийн хугацаанд баруун аймгууд руу чиглэсэн аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа тухай судалгаа мэдээлэлтэй танилцсан. Буддын шашинтай 1 тэрбум гаруй хүн дэлхийд дахинаа бий гэдэг. Тэдний дунд Монгол Улсыг зорих сонирхол өндөр байгаа. Тус арга хэмжээнд Сингапур, Энэтхэг, Түвд, зэрэг гадаад орнууд болон дотоодоос 500 гаруй зочин, 300 орчим лам ирэх хүсэлтээ ирүүлсэн” хэмээн мэдээллээ.
Раашгэмпэллин хийд нь Баян-Өлгий аймгийн Өлгий хотод байрлах, 1990-ээд оноос хойш тус аймагт үйл ажиллагаа явуулж буй анхны Бурханы шашны төв хийд юм. “Өлзий буян арвижих хийд” хэмээн албан ёсоор нэрлэгддэг уг хийдийн шинэ Цогчин дуганы бүтээн байгуулалт 2024 онд эхэлсэн бөгөөд орчин үеийн архитектурын шийдэлтэй, соёлын өвийн нэг хэсэг хэмээн үнэлэгдэж байгаа юм.
Хийдийн үйл ажиллагаа нь Алтайн урианхай, Тува, Дөрвөд зэрэг угсаатны бүлгийн уламжлалт хүрээ хийдийн хурал ном, соёл, зан заншлыг хадгалах зорилготой. Үүний тод жишээ нь Сагсай хүрээ Раашчойлин, Цагаан түнгийн хүрээ Раашчойнпэл, Бугын голын хүрээ Раашчойнхорлин зэрэг түүхэн хийдийн уламжлалыг сэргээх үйл ажиллагаа юм.
Эх сурвалж
| Гандантэгчэнлин Хийд
|