Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр /2025.07.06/ Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ.
Энэ сарын 06-наас 13-ны өдрүүдэд үргэлжлэх тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын хаан ширээнд сууснаас хойш манай улсад хийж буй анхных, гадаад улсуудад хийж буй гурав дахь төрийн айлчлал юм.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцана.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито болон Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочдын хувиар оролцоно.
Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Угсаа залгамжлагч Хунтайжийн хувиар 2007 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд манай улсад албан ёсны айлчлал хийж байсан.
Дэлхийн хамгийн эртний хаант улс Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын тухай товчхон мэдээллийг хүргэе.
Япон Улсын 126 дахь Эзэн Хаан Нарүхито 2019 оны тавдугаар сарын 1-нд Эзэн Хааны ширээнд заларч, тус улсын тооллын "Рэйва" шинэ эрин эхэлсэн юм. Тэрбээр Японы эзэнт гүрний мянга гаруй жилийн түүхэн дэх орчин цагийн боловсролтой, дэлхийд хүндлэгдсэн шинэ үеийн улс төрийн зүтгэлтэн эрхэм юм.
Эзэн Хаан Нарүхито 1960 онд төрсөн бөгөөд Оксфордын Их Сургуульд суралцаж, дэлхийн усны нөөц, хүрээлэн буй орчны чиглэлээр судалгаа хийж байсан нь түүнийг дэлхийн тогтвортой хөгжил, экологийн асуудалд гүн анхаарал хандуулдаг болохыг илэрхийлдэг.
Түүний гэргий Эрхэм дээд Хатан Масако Овада нь Харвардын Их Сургууль, Оксфордын Их Сургуульд боловсрол эзэмшсэн, дипломатч мэргэжилтэй, олон хэлтэй, ухаалаг эмэгтэй юм. Тэрбээр 1993 онд Эзэн Хааны гэр бүлд гүнж хэмээн өргөмжлөгдсөн бөгөөд XXI зууны эмэгтэйчүүдийн боловсрол, олон улсын харилцаанд оруулсан хувь нэмрээрээ олонд хүндлэгдсэн.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын ганц охин гүнж Айко нь Японы ард түмэндээ хайрлагдсан, эгэл даруухан хэрнээ өндөр хүмүүжилтэй, Япон Улсын ирээдүйн гол нүр царай болно хэмээн үнэлэгддэг байна.
Эзэн Хаан болон Хатан хоёр бол Японы ард түмний эв нэгдэл, энх тайвны билэгдэл бөгөөд тус улсад эзэн хааныгаа нэрээр нь дуудахыг цээрлэдэг уламжлалтай.