Авлигатай тэмцэх газарт 2020 оноос хойш МҮЭХ-ны тушалтнуудтай холбоотой 15 гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 11-т нь хэрэг бүртгэлийн хэрэг нээж дөрвөн хэргийг нь мөрдөн шалгаж байгаа аж. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт тус холбоонд удирдах албан тушаал хашиж байсан иргэний өмчлөлийн газарт нэгжлэг хийх үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар очиж цахим сүлжээнд шууд бичлэг хийсэн байдаг. УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрхтэй байх ч түүний хуурай нойтон дүү давхар халдашгүй эрх эдэлнэ гэсэн үг биш. Хууль хэн бүрийн өмнө адил, эрх тэгш байх ёстой.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь МҮЭХ-ны газартай холбоотой асуудал сөхөгдөх бүрт бүрэн эрхээ далайлгаж асуудлыг улс төрийн өнгө аяс руу түлхэж орхидог. Гэхдээ иргэд мэдээллийг ялгаж салгаж харах хэрсүү ухаантай болсон. Бид МҮЭХ анх хэдэн га газартай байсан, ямар тушаал шийдвэрээр хэний үед хувийн хэвшилд шилдсэн асуудлыг хөвөрдлөө.
МҮЭХ-т анх Нийслэлийн Засаг даргын 2003 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 395 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр одоогоор засмын цагдаагийн зүүн талд нийт 2.1 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байдаг.
Мөн баруун дөрвөн замд байрлах МҮЭСТО-ыг тойрсон 2,6 га газрыг эзэмшиж байсан. Үндсэндээ МҮЭХ нийт 4,7 га газрыг эзэмшиж байсан гэсэн үг.
Ямар ашиг сонирхлоор МҮЭХ тээвэр үйлчилгээ, авто баазын газраа хувьд шилжүүлэв, хэн хожив, хөдөлмөрчдийн хөлс юунд урсав гэх асуултын хариултыг цааш хөвөрдөж үзье.
Дээрх газрууд хувьд шилжсэн он цагийг харвал УИХ-ын гишүүн С.Ганбаатар МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан цаг үетэй давхацна. Тодруулж хэлбэл 2007-2012 он.
Гэтэл одоо энэ газар 1,8 болж багасаад тухайн газруудад худалдаа, үйлчилгээний төвүүд болон зочид буудал, орон сууцны хорооллууд сүндэрлэсэн. Эхлээд 2009 онд МҮЭХ-ны тодорхой хэсэг газрыг МДТОП ХХК-д шилжүүлэх яриа хэлцлийг тухайн үеийн өөрийн туслах Цогбадрахаар дамжуулан хийсэн.
2010 онд С.Ганбаатар нь МҮЭХ-г зуун хувь дангаараа эзэмших Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авсан.
2012 онд холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Амгаланбаатараар төлөөлүүлэн албан ёсны гэрээг байгуулсан байдаг.
С.Ганбаатар би МҮЭХ-ны газраас зараагүй харин ч газруудыг нь буцааж авсан гэж өөрийнхөө амаар хэлдэг ч Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байх үедээ гэрээ хэлцэл бүх юмаа хийж дуусгаад барилгын ажил ч шуударчихсан байдаг. Уг гэрээнээс МҮЭХ-ны газраас 13029 мк.в газрыг шилжүүлэн өгөх тухай заалтыг олж харж болно. Ингээд барилга нэгэнт босож байгаа тул уг гэрээг үндэслээд 2024 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/113 тоот захирамжаар уг газар “МПТОП” ХХК-д бүрэн шилжсэн байгаа юм. Түүний уснаас хуурай гарах гэсэн арга нь энэ.
Харин энэ гэрээ хэлцлээд хөдөлмөрчид юу хүртэв, тэдний өмчийг хадгалах хамгаалах ёстой хүн нь өмчөөр нь хэрхэн туйлав гэх асуулт хариултаа нэхнэ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар МҮЭХ-ны газрыг МДТОП ХХК-д өгснийхөө хариуд Үйлдвэрчин хорооллоос эхнэр Б.Тунгалаг болон ойрын хамаарлын хүмүүсээр дамжуулан таван орон сууц, Union building барилгын 304, 305 тоотод байрлах 200мкв оффисын талбайг авсан гэгддэг.
Мөн баруун дөрвөн замд байрлах МҮЭСТО-г тойрсон газруудыг хэрхэн будилуулж буй талаарх бичлэг ч мөн цахим орчинд нээлттэй байдаг. Уг бичлэг дээр Солонгосчуудаас 50 сая вонны хандив авч баруун дөрвөн зам дах газрыг зохицуулж өгнө гэх түүний яриа гардаг. Энэ ярианы дараа уг газар худалдаа, үйлчилгээний төв сүндэрлэсэн байдаг. Хууль хяналтын байгууллагынхан ч уг бичлэгийг шалгаад С.Ганбаатарын гэрт хийсэн бичлэг мөн болохыг тогтоосон. С.Ганбаатар ч хахууль авсан хэрэгтээ торгуулийн ял хүлээж байсан. Гэвч тэрбумаар нь завшаад бохины мөнгөөр торгуулсантай адил зүйл л болоод өнгөрсөн юм.