Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
-Осолд өртсөн турбиныг хэзээ засаж, ашиглалтад оруулах вэ?
-Гурван үе шаттай гэж үзэж болно. Эхний ээлжид осолд өртсөн барилгын ажлыг долдугаар сарын 25-нд эхлүүлээд ойролцоогоор 90 хоногт буюу аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 1 гэхэд барилгын ажлыг буцаагаад сэргээнэ. Одоо байгаа гэмтсэн багануудыг бариад шинээр барина гэсэн үг. Хоёрдугаарт энэхүү хэсэгт дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэж байсан. Генератор гэмтсэн, зуух нь гайгүй байгаа. Зуухыг нь дулаанжуулалтын процесс хийгээд, холболтын хэсгийг солиод дулаан үйлдвэрлэж эхэлнэ. Хуучин үйлдвэрлэж байснаас 50-аас доошгүй хувийн дулаан үйлдвэрлэх тооцоолол хийсэн. Дулаанжуулалтын процессыг 2025 оны аравдугаар сардаа багтааж дуусгах хоёр ажил хийгдэж байна гэсэн үг. Гуравдугаарт, 2025 оны төсвийн тодотголоор хоёр бүтээн байгуулалтын төсөв суусан. Энэ осолд өртсөн 9 болон 7 дугаар турбиныг шинэчилнэ. Есдүгээр турбины шинэчлэлд 15 тэрбум төгрөг, долдугаар турбины төсөвт 5 тэрбум төгрөг суусан байгаа. Энэ ажлыг мөн ялгаагүй 8, 9 дүгээр сардаа хийгээд явна. 2025-2026 оны өвлийн эд ачааллын үед ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй явж байна.
- Ашиглалтын хугацаа дууссан 48 мвт дунд даралтын станцыг буулгаж 300 мвт хүчин чадалтай шинэ станц барих талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Урьд нь яригдаж байсан ОХУ-ын экспортын зээлээр 300 мвт хүчин чадалтай цахилгаан станц шинээр барьж өргөтгөл хийнэ гэж ярьж байсан. Үүний 250 мвт хүчин чадалтай цахилгаан станц буюу 2х125 мвт-ыг ашиглалтын хугацаа дууссан 12х4 мвт-ын дөрвөн блокыг буулгаад, суурин дээр нь барина. Усны асуудал шийдэгдсэн. Төмөр замын асуудал шийдэгдсэн учраас энэ дэд бүтцээ ашиглаад 250 мвт нэмэгдэнэ. 48-ыг хасаад 250-ыг нэмнэ гэхээр 202 мвт-аар цахилгааный чадал нэмэгдэнэ гэсэн үг. Үүнийг хоёр үе шаттай хийнэ. Эхний ээлжид ОХУ-тай монголын талаас санхүүжилтийг гаргаад, зураг төслийг хийхээр хэлэлцээр хийгээд явж байна. Гэрээ хийгдсэний дараа 2025-2026 онуудад багтаад зурагтай төсөвтэй болно. Оросууд өндөр үнэтэй санал тавиад байгаа учраас дундын үнээр зураг, төсвөө хийчхээд, тодорхой төсөв гарахаар дахин хэлэлцье гэдэг асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж шийдвэрлүүлэх байх. Одоо үйлдвэрлэж байгаа 50 мвт-ыг чадлын дутагдалд оруулахгүйн тулд эхний ээлжид ТЭЦ-3-ын захиргааны барилгыг буулгаад суурин дээр нь 50 мвт хүчин чадалтай нэг турбин тавина. Хоёр станц барина гэсэн үг. 50 мвт нэг, 300 мвт хүчин чадалтай нэг станц. Дулаанаар 350 мвт хүчин чадалтай станц барина. Одоо байгаа дулаан үйлдвэрлэх хүчин чадлаас 200 мвт гаруй хүчин чадалтай төсөл болох юм. Энэ осолтой холбоогүй сэдэв.
-Ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлсон уу?
-Надад эцсийн байдлаар танилцуулаагүй. Ажлын хэсэг наадмын өмнө танилцуулах төлөвлөгөөтэй явсан. 18-наас албан ёсоор ажлын өдөр эхэлнэ. Би 18-нд танилцах бодолтой байна.
-Энэхүү генераторын ашиглалтын хугацаа хэзээ дууссан юм бэ?
-Дуусаад арван хэдэн жил болсон юм уу даа. 1968 оноос хойш явж байгаа. Ер нь турбин генераторууд 200-250 мянган цаг ажиллах ёстой гэнэ лээ. Энэ генераторууд 400-450 мянган цаг ажиллачихсан.
-Хэрэглэгчдийг хэрхэн шилжүүлэх вэ?
-Нэг хэсгийг нь Амгалан дулааны станц руу, нэг хэсгийг нь ТЭЦ-4 рүү шилжүүлэх ажил хийгдэнэ.