Хүүхдүүд нь голын эргээр тоглож, томчууд нь ууна. Хийлдэг завь, гудас хийлээд л хөгжилдөж харагдана. Яг хажууд чинь хүн үхэх гэж байгааг анзаарах сөхөөтэй нь хэд байгаа вэ?
Өгий нуурт нэгэн залуу, хоёр охины хамт хийлдэг завьтай явж байгаад осолдох гэж байхад нэгэн иргэн аварчээ.
Тэрээр “Өчигдөр 19:30 минутын үед өгий нуур дээр загасчлаад зогсож байтал 4 хүний хийлдэг завь нь дээр 4 настай 6 настай хоёр охинтойгоо нэгэн залуу завьтай явж байна. Би анх харчхаад эхнэрт "Энэ завь маш аюултай. Завь биш хүн ална" гэж хэлчхээд 5 мин хүрэлгүй зогсож байтал салхи салхилаад аав нь эрэг рүү хамаг чадлаараа сэлүүрдээд барахгүй байгаа харагдав. Би ч байдал ер нь биш болсныг анзаараад байж байтал гараараа аврал эрээд даллаж байна.
Тэгсэн миний хажууд зогсож байсан хүмүүс салхинд туугдаад аврал ирж байгааг ойлгохгүй буцааж гараараа даллаж сайн уу? гэж байх жишээний. Би сандраад гараараа даллаж байсан хүмүүст "Онцгой байдал 105 руу залгаарай наад хүмүүс чинь салхинд туугдаад удахгүй живэх нь байна" гэж хэлээд машинаа асааж өдөр Өгий нуур дээр явж байсан моторт завь руу 1 км гаран улаан галзуу давхиад очтол ашгүй моторт завь байж байна. Эзэн нь машин дотроо сууж байна.
Завьчин ахад болсон явдлыг хэлж ахтай цуг эрэг дээр байсан залууг дагуулаад гурвуулаа мотортой завиа асаан анх харсан газар руугаа хар хурдаараа явлаа. Дөхөөд очтол анх харсан газар байдаггүй. Дотор харанхуйлаад явчихлаа. Тэгсэн ашгүй завьчин ах тэр байна гээд хартал нуурын талаас дээгүүр салхинд туугдаад очсон байсан. Яваад очсон гурвуулаа айсан байдалтай хоёр охиндоо аврах хантаазаа өмсүүлсэн өөрөө хантаазгүй. Бид нарыг хараад бөөн баяр болсон. Гурвууланг авраад завь дээр суулгаад буудласан газар нь аваачиж өгж гурван хүний амь аварлаа. Ойр дотно таньдаг мэддэг хүндээ энэ завины талаар анхааруулаарай. Хүн ална шүү энэ завь биш…” гэсэн юм.
Зах дээр чанартай хийлдэг завь 4-5 саяын үнэтэй, чанаргүй нь 450 мянга. Тэгээд л хүн бүр чанаргүйг нь авч усаар хөвдөг. Гудсаа хийлээд усны мандал дээр хөвөөд хэвтчихнэ. Ус гэдэг тоглоом биш, амиа хорлох газар биш. Завь, гудас гэдэг чинь тэр чигээрээ амиа хорлох зэвсэг болсон. Урагдахад л амь. Нимгэн хаймартай, стандартгүй завь салхинд туугдаад, урагдаад үхлийн завь болж хувирна.
Голын эргээр явбал архи уух томчууд, тоглож наадах хүүхдүүд, хийлдэг завь, гудас хийлсэн хүмүүс хаа сайгүй. Томчууд найрлаж, завь, гудасаа хийлж дууссаныхаа дараа хоёр гурваараа салж, хүүхдүүд нь хийлдэг гудас, завьтайгаа ус руу зүглэнэ.
Гэтэл дөрвөн хүний суудалтай завь дээр долуулаа чихээд усанд гарч, хий нь гарч сандарсан хүүхдүүдээ арайхийн амь гаргасан тохиолдол ч гарлаа. Гэлээ гээд тэд үхлийн ирмэгээс мултарсан хэрнээ хэдхэн минутын дараа дахиад л завиа хийлж, тоглож эхэлнэ. Монгол зан уу, мунхаглал уу?
Онцгой байдлын аврагчид хэлж байна: "Жил бүр аялал, амралтын улиралд 20-30 хүн голд живж амиа алдаж байна. Сүүлийн 10 жилд 1000 гаруй хүн усны ослоор амиа алдсан. Тэдний ихэнх нь хүүхэд, мөн стандарт бус завь, гудас хэрэглэсэн байдаг" гэсэн юм.
Гол усанд үр хүүхдээ дагуулж явах бол юун түрүүнд амь насны хамгаалалттай бай. Амь аврах хантаазгүй бол хүүхдээ тоглуулахаа зогсоо. Өөрсдөө хариуцлагатай бай. Хийлдэг гудас, стандартгүй завьтай бол хар ус руу орж байгаатай адил гэдгээ ухаар.
“Би усанд сэлж чаддаг” гэж сагсуурах хэрэггүй. Усан доторх урсгал, салхи гэдэг хүнд хүчрийг мэдрүүлэхгүй ч хормын дотор живүүлдэг. Биеийн хүч тэнд нэмэр болохгүй. Хийлдэг гудас бол усанд тоглох хэрэгсэл биш, амьдралаа үдэж үлдээх сандал. Үүнийг ойлго. Хэдэн төгрөг хэмнэх гэж үхлээ худалдаж авч байгаагаа ухаар.
Буруу завь авбал, буруу газар архидвал, хэн нэгний хүү, охин нас барна. Тэгээд бид дараа нь “энэ жил осол олон гарч байна” гэж онцгой байдлыг зүхээд өнгөрнө. Тэд та нарын ухаангүй байдлыг аварч дийлэхгүй.
Гол усны эрэг дээр хүүхэд тоглоод явж байвал харж бай. Усанд сэлж мэдэхгүй бол битгий давар. Хар усаар тоглож байгаа юм шиг авирлах хэрэггүй. Амиа алдаж болдог, эргэж ирдэггүй ус бол гол, нуур.