Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн мэдэгдсэнээр, Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг үүрч явдаг ТЭЦ-3 станцын ихэнх тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа хоёр дахин хэтэрч, ослын өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна.
“Сүүлийн 35 жилд энэ салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй. Одоо ашиглаж буй турбин, зуухны ихэнх нь 1965-1966 оны үеийнх. Металлын ядаргаа үүссэн, ослын эрсдэл тун өндөр” хэмээн тэрбээр онцолжээ.
Саяхан ТЭЦ-3-ын есдүгээр турбагенератор гэмтсэн нь асуудлын ил харагдсан хэсэг бөгөөд үлдсэн найман турбин ч дуусах дөхжээ.
2023 онд цахилгааны үнийг хоёр удаа нэмснээр 546 тэрбум төгрөгийн нэмэлт орлого төвлөрсөн. Гэвч энэ мөнгө салбарын үндсэн асуудлуудыг шийдэхэд хүрэлцээгүй, дараах байдлаар зарцуулагджээ:
-
110 тэрбум төгрөг – Уурхайн нүүрсний үнийг нэмэгдүүлсэн (Шивээ-Овоо, Багануур, Шарын гол)
-
200 гаруй тэрбум төгрөг – ТӨК-уудын ажилчдын цалинг нөхөхөд
-
87 тэрбум төгрөг – Тоног төхөөрөмж, шинэчлэлд зарцуулагдсан
“2022-2024 онд эрчим хүчний ажилчдын цалинг эх үүсвэргүйгээр нэмсэн тул зайлшгүй нөхөх шаардлага үүссэн” гэж сайд тайлбарлав.
ТЭЦ-3-ын турбины нэг нь ажиллагаагүй болсон нөхцөлд эрчим хүч, дулааны хангамжийг шинэ эх үүсвэрүүдээр шийдэхээр ажиллаж байна. Тодруулбал:
-
Бөөрөлжүүлтийн ЦС – 150 МВт хүчин чадалтай блок 2025 онд ашиглалтад орно
-
Сүхбаатар хотын ДЦС – 70 МВт хүчин чадалтай, 11-12 сард ашиглалтад орно
-
Тосонцэнгэлийн ДЦС – 30 МВт, эхний 22 МВт нь төвийн сүлжээнд холбогдоод байна
Мөн шаардлагатай тохиолдолд БНХАУ-аас 80 МВт хүртэл цахилгаан импортлох боломжтой бөгөөд гэрээ, техникийн холболт хийгдээд дуусаж буй аж.
Засгийн газар 2025 оныг дуустал дулааны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргасан. Үүний хүрээнд дараах шийдлүүд хэрэгжүүлж байна:
-
ТЭЦ-3 станц - Өөрөө 50 клкц үйлдвэрлэнэ
-
ТЭЦ-4 ба Амгалан ДЦС - Үлдсэн 50 клкц-ыг хангана
-
8.5 тэрбум төгрөг - 2025 оны төсвийн тодотголоор баталж, шийдэлд зарцуулагдана
Ирэх өвөл эрчим хүч, дулааны эрэлт түүхэн дээд хэмжээнд хүрэх хүндхэн улирал болно.