Хиймэл дагуулаас авсан сүүлийн үеийн зургуудаас үзвэл БНАСАУ (Хойд Солонгос) өөрийн улсын урд хэсэг буюу Кэсон орчмын хилийн зурвасыг маш өргөн хүрээнд бэхжүүлж эхэлжээ. Энэхүү бүс нь Өмнөд Солонгосын Кимпхо хотын яг эсрэг талд байрладаг бөгөөд Пхеньян хилийн хаалт хайсыг шинэчлэн орчин үеийн болгож, хилийн дэд бүтцийг өргөтгөн, хяналтын системийг эрс чангатгаж байна.

Хамгаалалтын хашаа, хайсны давхаргын бүдүүвч зураг
Зарим хэсэгт хэд хэдэн үе давхаргаас бүрдсэн саад тотгорын нарийн системийг байгуулж байгаа аж. Тодруулбал, хилийн гаднах периметрт өндөр хүчдэлийн цахилгаан гүйдэлтэй хашаа, өргөст утас болон бусад нэмэлт хамгаалалтын элементүүд бүхий гурван үе давхар бүхий хаалтыг суурилуулж байна гэж таамаглаж байна. Үүнээс гадна хилийн зурвасын дагуу хяналтын шинэ камеруудыг олноор нь байрлуулж эхэлжээ.
Ойрын үеийн буюу 2026 оны 9-10 дугаар саруудад Кэсон орчимд олон зуун ажилчид гар аргаар хилийн зурвасыг бэхжүүлж буй нь ажиглагдсан байна. Тэд замаа өргөтгөж, бетонон тулгуурууд босгон, газар шорооны ажил гүйцэтгэж байгаагаас гадна зарим хэсэгт тэсэлгээний ажил хийж, хөрс шилжүүлэх үйл явц бүртгэгджээ.

Шинэ хашааны шонгууд болон олон тооны ажилчид харагдана


Ачааны машин ойролцоох далайн эрэг дээр шороо, чулуу асгаж байна

Хил дагуу тэсэлгээний ажиллагаа

Хяналтын камераар тоноглогдсон харуулын бүхээг
Энэхүү хяналтын шинэ систем болон нэмэлт хаалтууд хэдийнэ үр дүнгээ өгч, хил давагчдын (дүрвэгсдийн) тоог эрс бууруулсан байна. Тухайлбал, 2026 оны эхний зургаан сарын байдлаар Хойд Солонгосын 63 иргэн Өмнөдөд дүрвэж ирсэн бол 2025 оны мөн үед энэ тоо 96 байжээ.
Пхеньян урд хил дээрээ зүгээр нэг хашаа бариагүй бөгөөд инженерчлэлийн байгууламж, орчин үеийн электроник болон цэргийн байнгын хяналтыг хослуулсан, хилээр нэвтрэх болон оргон зугтахаас бүрэн сэргийлэх олон түвшний цогц системийг босгож байгаа юм.
ТАТАР МАЙДАР






Гадаад



