Солонгосын К-драма соёлд Африк тивийг хэрхэн сөрөг муу муухайн жишээ болгон хэвшмэл загварт оруулж буй тухай шүүмж нийтлэлийг The Conversation нийтэлжээ.
Өмнөд Солонгосын поп соёл, тэр дундаа К-драма буюу олон ангит кинонууд дэлхий дахиныг байлдан дагуулж, "Халлю" (Hallyu) давалгааг улам хүчирхэгжүүлсээр байна. Гэвч сүүлийн үеийн хит бүтээлүүд болох "Харваж буй одод" (Shooting Stars - 2022), "Миний нөхөртэй гэрлээрэй" (Marry My Husband - 2024), "Нулимсны хатан хаан" (Queen of Tears - 2024) зэрэг кинонуудад Африк тивийг үргэлж сөрөг байдлаар дүрсэлдэг нь судлаачдын анхаарлыг татаж эхэлжээ.
Торонтогийн их сургуулийн кино урлаг судлаач, дэд профессор Осаругуэ Отебеле энэхүү үзэгдлийг судалж, Солонгос кинонууд Африк тивийг өөрийн орны хөгжил, соёлын зөөлөн хүчийг (soft power) тодотгох "хэрэгсэл" болгон ашиглаж буйг дараах 3 хэв шинжээр тайлбарласан байна.
1. Заавал тусламж авах шаардлагатай, ядуу зүдүү газар
Кинонуудад Африк тивийг хүмүүс очиж зан чанараа засах, эсвэл нэр хүндээ өсгөхийн тулд сайн дурын ажил хийдэг Олон улсын төрийн бус байгууллагуудын (NGO) голомт мэтээр харуулдаг.
-
Жишээ: "Харваж буй одод" (Shooting Stars)
киноны гол дүр болох алдартай жүжигчин залуу Солонгос дахь нэр хүндээ өсгөхийн тулд Африк руу явж худаг ухдаг. Энэ үеэр түүнийг тойрон инээлдэх Африк хүүхдүүд болон цаана нь дагалдан дуугарах "Арслан хаан" киноных шиг хөгжим нь Африк тивийг тэр чигт нь хэвшмэл нэгэн загварт оруулж буй хэрэг юм.
2. Алдаа гаргасан хүмүүсийг явуулж "шийтгэдэг" цөллөг
Солонгосын нийгэм дэх аз жаргалтай амьдрал, гэр бүлийн бизнесийг бусниулсан, эсвэл ёс суртахууны доголдол гаргасан дүрүүдийг Африк руу явуулж шийтгэдэг жишиг тогтжээ.
-
Жишээ: "Миний нөхөртэй гэрлээрэй" (Marry My Husband) киноны сөрөг дүр болох О Юү Ра гэр бүлийн бизнесээсээ хөөгдөж, "зан чанараа засаж, хүмүүжих"-ээр Африк дахь сайн дурын сан руу цөлөгддөг.
3. Хууль дүрэмгүй, зэрлэг бүдүүлэг орчин
Африк тивийг ямар ч хууль дүрэм, дэг журамгүй, зөвхөн "зэрлэг" залуу насны алдаагаа гаргаж болох газар мэтээр дүрсэлдэг.
-
Жишээ: "Нулимсны хатан хаан" (Queen of Tears) киноны 3-р ангид гол дүрийн залуугийн дүү Сү Чоль өөрийнхөө 20-иод насыг дурсахдаа: "Миний залуу нас зэрлэг, бүдүүлэг зүйлсээр дүүрэн байлаа. Би Африкт очиж байснаа санаж байна" гэж өгүүлдэг. Түүнээс "Чи тэгээд ихэнх хугацаандаа зочид буудлаасаа гараагүй биз дээ?" гэж асуухад тэрээр "Цонхоор харахад л тэр зэрлэг байдал хангалттай мэдрэгдэж байсан" гэж хариулдаг.
Энэ нь бодит байдал дээр ямар үр дагавартай вэ?
Судлаачийн үзэж буйгаар, Өмнөд Солонгос улс 1950-иад оны дайны дараах ядуу орноос дэлхийн эдийн засаг, соёлын тэргүүлэгч гүрэн болж өөрчлөгдсөн бөгөөд кино урлагаараа дамжуулан "Бид Африкаас хамаагүй илүү соёлтой, хөгжсөн, тэдэнд тусламж үзүүлж чадах аврагч улс" гэсэн дүр төрхийг дэлхий нийтэд харуулахыг зорьж байна.
Гэвч өнөөгийн Африк тив нь орчин үеийн хотын амьдрал, соёлын асар их баялаг, технологийн инновациар дүүрэн байгаа боловч Солонгос кинонууд барууны хуучин колоничлолын үеийн "зэрлэг, ядарсан Африк" гэх хэвшмэл ойлголтыг улам дэвэргэж байгаа юм. Өнөөдөр Африк даяар Солонгос кинонуудыг маш ихээр шимтэн үздэг ч, тэд өөрсдийгөө ийм дорд, дутуу дулимаг байдлаар дүрслэгдэхийг харах нь төлөөллийн хувьд дэндүү "хүнд цохилт" болж байна хэмээн судлаач дүгнэжээ.
Түүнчлэн Koreaboo сайтад "Африкийг зүгээр орхи!": Олон улсын үзэгчид К-драмын арьс өнгөөр ялгаварласан хэвшмэл загвараас залхаж байна гэсэн гаричгтай нийтлэл гарсныг товчлон хүргэе.
Солонгосын энтертайнмент салбар дэлхийн тавцанд гарахын хэрээр олон жилийн турш шүүмжлэлгүй явж ирсэн К-драма дахь асуудалтай сэдвүүд, тэр дундаа Африк тивийг доромжилж, үл хүндэтгэсэн өнгө аястай дүрслэлүүд олон улсын шүүмжлэлийг улам ихээр дагуулах боллоо. Олон улсын К-драма сонирхогчид X (хуучин нэрээр Твиттер) сүлжээнд “Save Africa from K-drama writers” (Африкийг К-драмын зохиолчдоос авраач) хэмээх хөдөлгөөн өрнүүлж, Африкийг үргэлж зэрлэг, ядуу, хэн нэгэн аврагчийг хүлээсэн газар мэтээр дүрсэлдэг явдлыг зогсоохыг шаардаж байна.
Үзэгчдийн зүгээс шүүмжлэлд өртсөн өөр хэд хэдэн киног дурдвал:
-
"Боломжгүй өв залгамжлагч" (The Impossible Heir): Тус кинонд Африкийн дүрвэгсдэд туслах үйл явдлыг харуулахдаа тухайн тивийн давуу тал, соёлын баялгийг огт харуулалгүй, зөвхөн ядуурал болон "гадны аврал заавал хэрэгтэй" гэсэн өнцгийг барьж бичсэнд үзэгчид дургүйцсэн байна.
-
"Кокду: Бурхдын улирал" (Kokdu: Season of Deity): Энэ кинонд бүр ноцтой алдаа гаргаж, Карибын тэнгисийн Антигуа ба Барбуда хэмээх арлын улсыг "Африкийн улс" хэмээн буруу дурдсан байна. Түүнчлэн киноны дүрүүд "Африкт боловсрол эзэмшинэ гэдэг бол гепарттай уралдаж, усан гахайтай хамт ус уухыг хэлнэ" хэмээн хошигносон нь тивийг илүүд үзэж, басамжилсан хэрэг болсон гэж үзэгчид үзжээ.
-
"Харваж буй одод" (Shooting Stars): Бүр 2022 онд тус кино Африк тивийг харуулахдаа "Шар шүүлтүүр" (yellow filter) ашиглаж, өнгөний хувьд илүү аюултай, хөгжил буурай, хэцүү газар мэт сэтгэгдэл төрүүлсэн соёлгүй техник ашигласан хэмээн "Цагаан арьст аврагчийн хам шинж" (white savior complex)-тэй хэмээн зэмлүүлж байв.
Үзэгчдийн дүгнэж буйгаар, эдгээр тохиолдлууд нь Солонгосын энтертайнмент салбарын зохиолч, найруулагчид гадаад соёл, тэр дундаа Африк тивийн баялаг түүх, олон талт байдлыг судлалгүй, хэт өнгөц, арьс өнгөөр ялгаварласан үзлээр ханддагийг илчилж байна. Энэхүү бүдүүлэг алдаанууд нь киноны чанар болон К-драмын дэлхийн хэмжээний нэр хүндийг унагах эрсдэлтэй тул соёлын мэдрэмжтэй, хариуцлагатай байхыг фенүүд нь уриалж байна.
ТАТАР МАЙДАР






Урлаг соёл



