Сэлбэ голын урсцыг тогтворжуулах, үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор үерийн хамгаалалтын түшиц хана, голын голдирол тохируулга, тохижилтын ажлыг цогцоор нь гүйцэтгэхээр төлөвлөсөн. Тус байршилд өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын голдирол тохируулгын ажил 60 гаруй хувьтай буюу 700 метр газар тохируулга хийж байгаагаас 400 метр газарт ажлыг гүйцэтгэж дуусжээ. Голын голдирол тохируулахад баруун, зүүн талдаа 3 метр чулуун бэхэлгээ, голдирол дотроо 50 см зузаантай чулуун бэхэлгээ хийж байгаа юм. Тус ажлыг гүйцэтгэж байгаа “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн менежер Р.Дамба “Чулуун бэхэлгээ хийж, голын урсцыг сайжруулснаар лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг урсахад үр нөлөөгөө үзүүлнэ. Мөн голын суурь хөрсийг хамгаалж өгнө. Түшиц хананы бат бөх байдлыг бэхжүүлнэ” гэдгийг тодотголоо.
Голын голдирол тохируулгын ажлыг үндэсний үйлдвэрийн бэлтгэсэн боржин чулуугаар хийж байгаа бөгөөд тохируулгын ажил дуусмагц голын урсцыг нээх аж. Түүнчлэн үерийн хамгаалалтын түшиц хана барих ажил 95 хувьтай үргэлжилж байсан хэдий ч долоон байршилд шугам сүлжээ шилжүүлэх болсонтой холбогдуулан түр хугацаанд хүлээгдэл үүссэн талаар “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн менежер Р.Дамба хэллээ. Тодруулбал, “Шангри-Ла”, “Сэнтрал Тауэр”, “Юнион Бюлдинг”-д тус бүр хоёр цахилгааны кабель шугам, Ус сувгийн удирдах газрын нэг кабелийг төрийн айлчлалтай холбоотойгоор түр хугацаанд салган залгалт хийх боломжгүй болсон учраас хүлээгдэл үүссэн аж. Салган залгалт хийх эрх үүсэж, шугам сүлжээний ажлыг дуусмагц түшиц ханыг гүйцээн барина.
Сэлбэ голын голдирол тохируулах, чулуун бэхэлгээний ажлыг есдүгээр сарын дундуур дуусгана. Харин тохижилтын ажлын хүрээнд Сэлбийн эргээ дагасан хоёр талдаа 2 метр 50 см өргөнтэй явган хүний замыг барих юм.