Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт “Хятадын тээрэм гэх газар ажиллаад маш муухай үнэр гараад байна, шалгаж өгөөч” гэх гомдлын дагуу хяналт шалгалт явуулж байна. Тодруулбал, Мандал сумын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, Экологийн цагдаатай хамтран Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “Монгол шинтан” ХХК- д хяналт шалгалт хийж, Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж байна.
Хяналт шалгалтын явцад тус компанийн үйлдвэрийн байр, агуулахын өрөөнд нэр хаяг нь тодорхойгүй шуудайтай хуурай нунтаг бодисууд, канистртай хурц үнэртэй шингэн бодис байснаас тухайн бодисууд болон түүхий эд /шлам/, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй ус, орчны хөрс зэргээс 11 ширхэг дээж авч холбогдох мэргэжлийн байгууллага, лабораториудад шинжлүүлэхээр хүргүүлжээ.
Тухайн объектод ямар ч бичиг баримт байгаагүй тул үйл ажиллагааг нь битүүмжлэн зогсоож, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.