Интерполын "Улаан булант" зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Э-г БНСУ-аас Монгол улсад энэ оны наймдугаар сарын 26-ны өдөр албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг этгээд нь 2023 онд "Зээл хаагаад буцаагаад өгнө" хэмээн бусдаас их хэмжээний мөнгө залилах, санхүүгийн байгууллагад ажиллаж байх үедээ их хэмжээний буюу 3 тэрбум төгрөг завшиж, гадаад улсад оргон зайлсан гэх эрүүгийн хэргүүдэд эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд 2025 оны тавдугаар сарын 09-ний өдөр Монгол улсын интерполоос Солонгос улсын интерполтой хамтран хэрэгжүүлсэн тусгай ажиллагааны дүнд байршлыг нь илрүүлж баривчлуулсан.
Монгол улсад албадан авчрах ажиллагааг ЦЕГ-ын интерполын төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Солонгос улсын интерполтой хамтран зохион байгууллаа.
Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа тул гадаад улсад оргон зайлсан эрэн сурвалжлагдаж байгаа иргэд өөрсдийн сайн дураар Монгол улсад ирж цагдаа хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.