Нийслэлийн удирдлагууд 2025-2026 оны өвөл Улаанбаатар хотын өрхүүд зөвхөн сайжруулсан шахмал түлш хэрэглэх журам мөрдөж, түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн хориглох шийдвэрийг өнөөдөр хэвлэлийн бага хурлаар танилцууллаа.
Хэвлэлийн хурлыг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар удирдсан бөгөөд тэдний хэлснээр өмнөх жилүүдэд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласнаар агаарын бохирдол буурч эхэлсэн бол энэ жилээс бүрэн хориглосноор илүү тодорхой үр дүн хүлээгдэж байна. "Энэ өвөл нийслэлд түүхий нүүрс хэрэглэсэн тохиолдолд хуульд заасан торгууль ногдуулж, хатуу хяналт тавина" хэмээн Д.Мөнхбаатар онцоллоо. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 172 мянга орчим өрх сайжруулсан түлш хэрэглэж байгаа бөгөөд түгээлт, нийлүүлэлтийн бэлтгэлийг холбогдох байгууллагууд бүрэн хангажээ. Ирэх саруудад нийслэлийн 400 цэгээр дамжуулан 40-45 мянган тонн мидлинг түлш, 306 мянган тонн хагас коксжуулсан нүүрс нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Түгээлтийн зохицуулалтаар автомашины замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, худалдан борлуулалтыг хоёр болон гуравдугаар эгнээгээр зохион байгуулах аж.
Шинжилгээний дүн: Агаар орчны бохирдлыг огцом бууруулна. Хагас коксжуулсан нүүрсний дээжийг Монголын ШУА болон химийн хүрээлэн Хятад, Орос, Солонгосын лабораториудад шинжлүүлэхэд дараах эерэг үр дүн гарчээ. Хүхэрлэг хий 89.2 хувь буурсан, Азотын исэл 72.6 хувь буурсан, Угаарын хий 24.5 хувь буурсан, Тоосонцор 68 хувь буурсан үзүүлэлт гарсан байна. Мөн 2024-2025 оны өвөл хэрэглэсэн 87 мянган тонн түүхий нүүрс нь 300 мянган тонн хагас коксжуулсан нүүрстэй тэнцэх хэмжээний бохирдол үүсгэж байжээ.
“Hotula” апплейкшнаар нүүрсээ захиалах боломжтой болно. Ирэх арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн иргэд “Hotula” гар утасны апплейкшн ашиглан шахмал түлшээ цахимаар захиалан, худалдан авах боломжтой болох аж.
Б.БИЛГҮҮН
АДМИН








Нийгэм







