Сүүлийн үед, монголчуудын, ялангуяа бүсгүйчүүдийн маань нэлээд их хэрэглэх болсон жин хасах үйлчилгээтэй GLP-1 бүлгийн Оземпик, Вегови, Мунжаро тариануудын шошгон дээр хараагүй болгох эрсдэлтэй нүдний ховор эмгэгийн заалтыг нэмэхийг АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA)-ны зүгээс үүрэг болголоо.
АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) дэлхий даяар жин хасах болон чихрийн шижин өвчний үед өргөн ашиглагдаж буй Оземпик (Ozempic), Вегови (Wegovy), Мунжаро (Mounjaro), Зэпбаунд (Zepbound) зэрэг алдартай GLP-1 бэлдмэлүүдийг үйлдвэрлэгчдэд хандаж, бүтээгдэхүүнийхээ шошгон дээр "артерийн бус гаралтай, харааны мэдрэлийн урд хэсгийн ишемийн нейропати" (NAION)-ийн эрсдэлийн талаарх сэрэмжлүүлгийг албан ёсоор нэмж оруулахыг шаардсан байна. Энэхүү эмгэг нь харааны мэдрэлийг цусаар хангадаг судаснууд бөглөрч, улмаар мэдрэлүүд хүчилтөрөгчийн дутагдалд орсноор гэнэт хараагаа алдах шалтгаан болдог ажээ.
Уг зохицуулалтын дагуу үйлдвэрлэгчид артерийн бус урд талын ишемийн харааны мэдрэлийн эмгэг (NAION) үүсэх магадлалын талаар хэрэглэгчдэд анхааруулах ёстой болж байна.
Энэхүү өвчин нь нүдний харааг ямар нэгэн өвдөлтгүйгээр муутгах аюултай бөгөөд цаашлаад бүрмөсөн хараагүй болгох эрсдэлтэйг АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас анхааруулжээ.
Америкийн Нүдний өвчин судлалын академиас BBC агентлагт өгсөн мэдэгдэлдээ, энэ нь бүрэн баталгаажаагүй ч ийм эрсдэл дагуулж болох аюултайг тэмдэглэв. Мөн тус академиас нэмж хэлэхдээ, GLP-1 бэлдмэлүүд нь чихрийн шижин, таргалалт, зүрхний өвчтэй хүмүүст асар их ач тустай тул өвчтөнүүдэд өгөх бидний зөвлөгөө маш энгийн бөгөөд эмчтэйгээ зөвлөлдөхгүйгээр ууж буй эмээ дур мэдэн зогсоож болохгүй, хэрэв нэг нүдний хараа ямар нэгэн өвдөлтгүйгээр гэнэт муудвал яаралтай нүдний эмчид хандах хэрэгтэй гэжээ.
Одоогоор уг эмгэгийн улмаас алдагдсан харааг буцааж сэргээх ямар нэгэн эмчилгээ анагаах ухаанд байхгүй бөгөөд энэ нь 50-иас дээш насны хүмүүсийн дунд харааны мэдрэл гэнэт гэмтэх хамгийн түгээмэл шалтгаан болдог байна. АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас GLP-1 хэрэглэгчдийн дунд бүртгэгдсэн өвчлөлийн тайлан болон бусад судалгаануудыг нарийвчлан хянасны үндсэн дээр эдгээр эмийг ууж буй хүмүүсийн дунд нүдний ховор эмгэг үүсэх эрсдэл нэмэгдэж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Жин хасах хамгийн алдартай бэлдмэлүүдийн нэг болох Веговиг үйлдвэрлэгч Ново Нордиск компанийн зүгээс одоогийн дата мэдээллүүд нь уг эм болон нүдний өвчний хооронд шууд шалтгаан-үр дагаврын холбоог нотлогдоогүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, гаргасан мэдэгдэлдээ, уг эмгэг нь өвчтөнүүд болон тэдний гэр бүлд ямар хүнд тусдагийг бид ухаарч байгаа бөгөөд өвчтөний аюулгүй байдал манай компанийн нэн тэргүүний зорилт тул эмийнхээ аюулгүй байдлыг үргэлжлүүлэн хянах болно гэсэн байна.
Зохицуулагч байгууллагуудын тайлбарласнаар, зарим судалгааны үр дүнг хянахад нэлээд төвөгтэй байсан бөгөөд учир нь таргалалт болон чихрийн шижин өвчний улмаас GLP-1 эм ууж буй хүмүүс өөрсдөө угаас энэхүү нүдний өвчнөөр өвчлөх эрсдэлт хүчин зүйлийг эмнээс үл хамааран тээж явдаг байна. АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас хэлэхдээ, GLP-1 эм ууж буй хүмүүс яагаад энэ өвчнөөр өвчлөх эрсдэл илүү өндөр байгаагийн нарийн шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна гэжээ.
Эдгээр бэлдмэлүүд нь аль хэдийн нойр булчирхайн үрэвсэл, цөсний хүүдийн өвчлөл зэрэг хэд хэдэн гаж нөлөөний анхааруулга шошгыг агуулдаг байна. Олон төрлийн GLP-1 эмүүдийн гол найрлага болох семаглутид бодисыг хэрэглэх үед дотор эвгүйрхэх, бөөлжих, ходоод өвдөх зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрдэг байна. Өнгөрсөн жил Европын Холбооны харьяа Европын Эмийн Агентлагийн аюулгүй байдлын албанаас мэдээлэхдээ, семаглутид ууж буй 10,000 хүн тутмын 1 нь нүдний энэхүү ховор эмгэгт өртөх магадлалтай гэж дурдаж байжээ.
Хоёр жилийн өмнө 17,000 өвчтөнийг хамруулан нийтлүүлсэн судалгаанд АНУ-ын судлаачид семаглутид хэрэглэж буй хүмүүс хэрэглээгүй хүмүүстэй харьцуулахад уг нүдний өвчнөөр оношлогдох магадлал дөрөв дахин өндөр байгааг тогтоосон байна. Гэвч уг судалгааны хамтран зохиогч, Харвардын анагаах ухааны сургуулийн нүдний өвчин судлалын профессор, доктор Жозеф Риззо хэлэхдээ, эдгээр судалгааны ажлууд нь маш чухал боловч хараахан эцэслэгдээгүй бөгөөд тухайн эм болон нүдний эмгэгийн хоорондын хамаарлыг илүү олон янзын хүн амын дунд судлах шаардлагатайг онцолжээ.
ТАТАР МАЙДАР





Эрүүл мэнд




