2025 оны есдүгээр сарын 4-7-ны өдрүүдэд Казакстан улсын шинэ болон хуучин нийслэлд ажлаар очих боломж тохиосон юм.
Есдүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатарын цагаар 14:00 цагт, Астана хотын цагаар 11:00 цагт Нурсултан нисэх онгоцны буудалд газардав. Тухайн өдөр Улаанбаатараас хэдэн градусын дулаан байлаа. Сэвэлзүүр салхитай, нарлаг, дулаанхан өдөр тохиож байв. Онгоцноос буугаад хотын төв рүү автобусаар хөдөллөө. Яг л манай Нисэх, Яармагаас хотын төв орж байгаа мэт. Нисэх буудлаасаа хотын төв рүүгээ орох зам ил хуль. Шинэхэн хаус хорооллууд сүндэрлэж байна. автобусны цонхоор тэртээ холоос дээвэр нь харагдах өндөр барилгыг ажаад
-Тэр Астанагийн хамгийн өндөр барилга уу гэж асуухад биднийг хөтөлж явсан Элчин сайдын яамны ажилтан “Тийм. 88 давхар Абу Даби Плаза нэртэй барилга. 105 давхраар төлөвлөгдсөн ч 88 давхар болж ашиглалтад орсон” гэв.
Ингээд Элчин сайдын яамны ажилтныг шалгааж, Астана хотын талаар лавлав.
Астанаг 1998 онд улсын нийслэлээрээ зарлан Алматы хотоос нүүсэн байна. 2028 онд 30 жил нь тохиох аж. Тус хотыг дэлхийн шилдэг 57 архитехторчийн саналыг авч, шилдэг гэсэн 27 архитехторчийн загвараар анхны барилгууд баригджээ. Үүнээс хойш өргөжин тэлсээр яваа юм. Хотынхоо төв рүү орлоо. Нүд хужирласан үзэсгэлэнтэй, хэв маяг нь огт давхцаагүй ер бусын шийдэлтэй барилгууд. Зөвхөн барилга байшингуудыг хараад явахад дөрвөн өдрийн томилолт дуусах биз. Энд барилгын компаниуд барилга барих төлөвлөлтөө хийгээд зөвшөөрлөө авсан бол яг л төлөвлөгөөнд тусгагдсан хугацаандаа ашиглалтад өгөх ёстой. Хэрэв хугацаандаа ашиглалтад өгөөгүй бол зөвшөөрлийг цуцалж, барилгыг нураан, тендерт хоёрт орсон компанид зөвшөөрлийг шилжүүлнэ. Мэдээж барилгыг буулгах, зөөх зардлыг ажлаа гүйцэтгэж чадаагүй компани гаргана. Барилга барьж ашиглалтад хүлээлгэж өгөхдөө заавал ногоон байгууламж, авто зогсоолыг шийдсэн байна. Өргөн гудамж, автозамын шийдэл, гудамж талбайн зохицсон нь ванлий. Хотын хүн ам 1.3 сая хэдий ч гудамж талбайд бөөгнөрсөн олон хүн огт үгүй. Автобусны буудал дээр нь 1-2 хүн л зогсож харагдана. Гудамж талбайгаар нь ганц нэг л хүн алхаж яваа нь харагдана. Яарсан адгасан, ууртай царай энд ховор. Хүмүүсийнх нь царай төрх өндөр хамар, өтгөн хөмсөг голцуу. Царайлаг хүмүүс байна билээ. Харин мариалаг, жин масс ихтэй хүн бараг тааралдаагүй шүү. Тэгэхээр эрүүл амьдралын хэвшилтэй ард түмэн юм шиг санагдсан.
Энэ улсын үндэсний хоол нь Бешбермек хэмээх чанасан мах, гурил, ногоо. Манайхаар бол говийн жимбий хавьцаа л хоол. Гэхдээ манай жимбийгийн амтыг гүйцэхгүй санагдсанаа нуух юун. Хэдэн өдөр дан мах идээд байхаар шөлтэй хоолоо санадаг л юм байна лээ. Ер нь л мах голцуу хэрэглэдэг ард түмэн шиг байсан. Үндэсний цай сүүтэй өтгөн цай. Шаргал өнгийн зүйл аяганд хийгээд барьсныг нь амстал манай сүүтэй цай ч маш өтгөн. Түүнийгээ харин шингэн байна түүнээс улаан болтол нь өтгөн чанадаг гэх. Цайгаа ууж дуусаад аягаа тавивал дахиад л хийгээд өгнө. Аяган дээрээ гараа тавиад “Волвол” гэж хэлэх хүртэл хийнэ. Ийм өвөрмөц цайны соёлтой. Айраг нь манай айрагтай төстэй амттай ч илүү тосорхог, үнэр нь өөр санагдсан. Хүн дайлж цайлахдаа гаргууд ард түмэн юм. Ширээ дүүртэл өрнө. Бараг л гараа тавих зай байхгүй. “Харин ч сүүлийн үед тавагт хийдэг болсон. Түүнээс цагаан даавуугаа дэвсээд л шууд дээр нь хоолоо тавьчихдаг” хэмээн Элчингийн ажилтан хуучлав.
Ингээд бид өдрийн хоолоо идчихээд Астанад хамгийн алдартай Байтерик цамхгийг сонирхлоо. 98 метр өндөр Байтерик цамхаг 1998 онд нийслэлээ нүүлгэн Астана болгосон 98 тоог бэлгэджээ. Цамхгийн орой руу гарч үзэх тасалбар 2500 тенгэ буюу төгрөгөөр 17500 төгрөг. Биднийг группээрээ үзэж байгаа тул 2000 болгон хямдруулав. Улиангар мод нь газрын хөрсөнд гүн шингэж ургадаг учир Казак ард түмний амьдрал ч гэсэн гүн бат тогтвортой байхыг бэлгэдэж, мөн аз жаргалын шувуу алтан өндгөө уг модны мөчирт байрлуулсан нь баян тансаг байдлыг урин дуудах домтой гэсэн бэлгэдэлтэй 102 м өндөр цамхаг юм. Цамхгийн оройд лифтээр гарлаа. Дээшээ дахиад гурван давхар барилгын өндөртэй зүйрлэгдэхүйц шатаар өгсөнө. Эндээс Астана хот тэр чигээрээ харагдана. Төрийн ордон нь цамхгаас эгц зүүн тийш харагдлаа. Төрийн ордны шийдэл их өвөрмөц. Хааш хаашаа 500 метр үргэлжлэх урт барилга голдоо арктай. Голын аркаас нь урагш ерөнхийлөгчийн ордон Имиш голын эрэгт харагдана. Аркийн хоёр талд Мажилисийн ордон байрлана. Үргэлжлээд 500 метр үргэлжлэх байранд яамд нь байрлана. Нэг сектор нь нэг яам. Төрийн бүх үйлчилгээг нэг дороос авч болох маш цомхон шийдэлтэй, өвөрмөц төрийн байгууламж харагдлаа.
Байтерик цамхгийн оройд нэгэн гарын мөртэй үзмэрийг голд нь байршуулсан. Тэрхүү гарын мөр Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевынх. Энэ улсын хүн ам Казакстан улсыг ингэж хөгжүүлсэн анхны ерөнхийлөгчөө машид хүндэтгэдэг.
Цамхгаас бид олон улсын бизнес эрхлэгчдийн экспо руу хөдөллөө. Нурсултан хэмээх нэртэй барилгын голд бөмбөлөг байршина. Түүнээс зургаан тийшээ салсан бас л нэг өвөрмөц шийдэлтэй барилга. Энд дэлхийн 100 гаруй орны 5000 гаруй бизнес эрхлэгчид чуулжээ. Нурсултанаас урагш Төв азийн хамгийн том сүм харагдана. Шууд очиж үзэх хүсэл татсан тансаг байгууламж. Астана хотын Төв сүмд доторх танхимдаа нэг удаад 235 хүн зэрэг мөргөл үйлдэж болно. Гадна талбайд 235 мянган хүн зэрэг мөргөл үйлдэх боломжтой. Эрэгтэй, эмэгтэй мөргөлчид тусдаа газар мөргөлөө үйлддэг. Гаднаас харахад урлагийн бүтээл шиг, уран зураг шиг үнэхээр гайхан биширмээр байгууламж. Цэнхэр бөмбөгөр дээвэртэй, цагаан чулуун барилга хэн бүхний сонирхлыг татна. Даанч бидэнд очиж үзэх боломж хараахан олдоогүй юм. Ингээд энэ өдрийн ажил дууслаа.
Маргааш нь есдүгээр сарын 7-ны өдөр бид эхлээд Астана хотын Сансар судлалын төвд очлоо. Энэ газрыг оросууд 100 жилээр түрээсэлсэн. Энд сансар судлалын бүх зүйлүүд явагддаг маш том байгууламж. Оросууд энд ажиллаж амьдарч, төлбөр тооцоогоо рублиэр хийдэг улс доторх улс. Ийшээ энгийн хүмүүс орох боломжгүй. Төрийн төлөөллийнхөн урьд өдөр нь мэдээллээ өгч, нэрсийн дагуу орно. Дотор нь ороод ч төв хэсэг рүү энгийн хүмүүсийг оруулдаггүй. Гаднаас нь тайлбарлаж өгсөн юм. Тус төвийг Казахстан Улсын Засгийн газрын тогтоолоор 2008 онд "Сансар судлалын хүрээлэн", "Ионосферийн хүрээлэн", "В.Г.Фесенковын нэрэмжит астрофизикийн хүрээлэн"-г нэгтгэж, төрийн өмчит хувьцаат компани болгон байгуулжээ. Сансар судлалын үндэсний төв нь сансрын технологийн загвар бүхий задгай музей, нислэгийн удирдлагын төв, өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын навигаци бүхий иж бүрэн цогцолбор юм. Энд тус улсын сансар судлалыг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, технологийн дэмжлэг үзүүлэх зорилгоор шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тухайлбал сансрын техник, технологийг бий болгоход шинжлэх ухаан, технологийн дэмжлэг үзүүлэх, дэлхийн зайнаас тандан судлах өгөгдлийг хүлээн авах, боловсруулах, дэлхийн царцдас дахь геодинамик, геофизикийн үзэгдэл, үйл явцын сансрын хяналтыг газарт гүйцэтгэх, сансрын цаг агаарыг хянах, урьдчилан таамаглах олон түвшний системийг удирдах, нарны аймгийн систем дэх физик үйл явцыг хянах, Галактикийн систем, нарны аймгийн од, гараг, дэлхийн ойролцоох орон зайг судлах, нисгэгчтэй цогцолборт сансрын судалгаа, туршилт хийх, сансрын салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг байна.
Дараагийн очсон газар Астана хотын Төв музей. Казахстан улсын Үндэсний музей нь Төв Азид хамгийн томдоо ордог. Анх 2013 онд барилгын ажлыг эхлүүлж, 2015 онд ашиглалтад оруулжээ. Энэхүү музейн цогцолбор нь нийт 9.9 га талбайд баригдсан. Ер бусын өвөрмөц гадаад төрхөөрөө олны анхаарлыг татдаг. Музейн байгууламж 74000 м2 талбай бүхий 9 давхар 7 блок барилгаас бүрддэг байна. Эндхийн үзмэрийн 80 гаруй хувь нь монголтой холбогддог. Яагаад гэвэл Чингис хаан Зүчийн хаант улсаар нэрлэж том хүүгээ энд хаанаар зарлан үлдээсэн байдаг түүхтэй. Үүнээс эхлээд монголтой холбоотой үзмэрүүд маш их. Энэхүү музейг дор хаяж зургаан цаг үзнэ. Астана хот үнэхээр том. Эдгээр зүйлүүдийг үзэхээр явахдаа нэг талдаа ямар ч түгжрэлгүй замд 40 минут явна. Эндхийнхэн түгжрэл гэж мэддэггүй байж. Харин сүүлийн нэг жилд замын түгжрэл гэдэг зүйлийг үзэж эхэлж байгаа. Тэр нь гэрлэн дохион дээрээ 5-7 минут болдог. 5-6 гэрлэн дохион дээр 35 минут орчим түгжрэхэд бачуурна. Түгжрэл дунд зогсож байгаа ч зогсоо зайгүй сигналаа дардаг гэх. Зан араншны хувьд манайхан шиг түргэн зантай гэсэн. Тэр хотын замын соёлд бүр ч илэрдэг аж. Урдаа явж байгаа машиныг гүйцэж түрүүлэх дуртай. Нөгөөх нь оруулахгүй гүрийнэ. Харин урд нь нэгэнт орсон бол нөгөө машинаа урдуураа оруулахгүй. Явж өгөхгүй манайхны зан цухалздаг гэсэн. Астана хотын хөгжлийг хараад өөрийнхөө хотыг өрөвдөх ч шиг. Эндхийн эдийн засгийн хөшүүрэг нь газрын баялаг, нефть, хөдөө аж ахуй, газар тариалан, газрын ховор элемент, төмрийн хүдэр гээд маш солонгорсон. Тиймээс юунаас ч хараат бусаар хөгжиж чадаж байгаа улс. 1998 онд Монгол, Казакстан хоёр хоёулаа уран төсөл хэрэгжүүлэхээр гадны хөрөнгө оруулагчдыг татаж эхэлжээ. Казакстан тэрхүү төслөө хэрэгжүүлж чадсан нь эрчим хүчний хамаарлыг байхгүй болгож, хурдтай хөгжих баталгаа болжээ. Одоо Казакстаны ихэнх станцууд цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэг, хосолсон эрчим хүчний үйлдвэрлэгч болж чаджээ.
Мөн Казакстан улс авлигатай маш хатуу тэмцдэг. Авлигаас хураасан мөнгөөрөө төрийн байгууламжуудаа барина. Энэ жил гэхэд л тус улсад 149 цэцэрлэг ашиглалт орсон. Түүний ихэнхийг авлигаас хурааж авсан мөнгөөрөө босгожээ. Жил бүрийн эцэст улс төрийнхөн ард түмэндээ тайлангаа тавьж энэ жил авлигаас тэдэн төгрөг хурааж авсан. Тэр мөнгөөрөө ийм зүйл байгууллаа гэдэг. Авлигын хууль маш чангатай тэмцэж чаддаг орон аж. Астана хот метрогүй ч LRT барьж байна. Онгоцны буудлаасаа хотын төв рүү хүрнэ. Барилгын ажил 2025 оны есдүгээр сарын 1-нд дуусах ёстой байсан ч хараахан дуусаагүй тул аравдугаар сарын 1 болтол хойшлуулаад байгаа аж.
Астана хотын томилолт дуусаж Алматы хотыг зорилоо. Онгоцны цонхоор харахад тэнд бараг хот байгаа юм уу, ой байгаа юм уу гэмээр тийм л сайхан ногоон хот. Нисэх онгоцны буудлаасаа хотын төв рүүгээ явахад ой дундуур л явах юм. Астанаг бодвол хөгжил арай хоцрогдсон ч хүн ам буцалж байдаг газар аж. Хөл хөдөлгөөн ихтэй. Энд нус цэрээ хаях, зажилсан бохио хаяхад өндөр торгуультай. Тиймдээ ч тэр үү, цэвэрхэн хот. Замын цагдаа гэж энд байхгүй. Камераар бүх л замын зохицуулалтуудаа хийдэг.
Онгоцны буудлаас бид хотын төвийн томоохон худалдааны төв рүү очлоо. Нэг цаг гаруй худалдааны төвд алхахад зөвхөн нэг буланг нь л үзэж амжив. Дундаж цалин нь манайхаас өндөр учир барааны үнэ манайхаас үнэтэй санагдсан. Эндээсээ зах руу хөдөллөө. Манайхаар бол Бөмбөгөр худалдааны төв маягийн зах. Битүү дээвэртэй Нарантуул худалдааны төв ч юм уу. Нэлээд том юм. Бэлэн барааны ганц жигүүрийг үзэж байтал өгсөн цаг нь дуусах шахаад арай гэж хүнсийг нь олов. Манайхны зах худалдааны төвд байж л байдаг бараануудтай юм. Гоц гойд ялгараад байхаар зүйл бараг байсангүй. Хүмүүс нь мөн л манайхантай адилхан гадаад гэж мэдчихээд юмныхаа үнийг өсгөж хэлнэ. Бэлэн мөнгө өгөхөөр хариулт өгөх дургүй. Тэгсэн хэр нь 100-200 тенгэ дутвал заавал авна. Гэхдээ Казакстаны ард түмэн маш найрсаг. Гудамж яваа хүнээс тусламж хүсэхэд татгалзах хүн бараг байхгүй. Хоол цайгаар дайлахдаа гаргууд. Ийм газраар 4 өдөр томилогдон ажиллаад ирсэн сурвалжилгаа энд хүрээд өндөрлөе.