Dark Light
Нийгэм | 2025-09-15

НИЙТИЙН АЛБАН ХААГЧ 445 САЯЫГ “ИДСЭН” ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокурорын байгууллага 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55,033 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,246 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 834 хэрэг шинээр нээж, 205 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 72, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 67, Өмчлөх эрхийн эсрэг 49, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр 5, Хүний амьд явах эрхийн эсрэг, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 2, Авлигын гэмт хэрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 1 хэрэг байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Иргэн Г.М нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа гүйцэтгэгч компаниас хүлээлгэн өгсөн 5 машин, механизмыг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад шилжүүлж, худалдан борлуулж, завшсаны улмаас улсын төсөвт 445 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 /Хөрөнгө завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд,

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор "Pokerrr2" гэх нэртэй домэйн хаягийг ашиглаж "Lion club" гэх нэртэй клуб нээн мөрийтэй тоглоом зохион байгуулсан О.З нарын нэр бүхий 7 иргэнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Ц.Г нь зөвлөх үйлчилгээний 2 тэрбум 680 сая төгрөгийн тендерт шалгарсан компаний захирлаас өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор гүний худаг ухах, номын хэвлэлт, ipad зэргийн төлбөрийг гаргуулан авч 48 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтад нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Я.С нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий иргэдийг ажилд томилж, ажил хөдөлмөр эрхлээгүй, цагийн бүртгэл хийгдээгүй байхад тэдгээрт 69.8 сая төгрөгийн цалин олгуулж, өөрийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн дансаар дамжуулан хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Иргэн Д.Т нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 1 тэрбум төрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилт бусдаар хийлгэн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 100 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

Иргэн Ц.Н, А.М нар нь аж ахуйн нэгж байгууллагуудаас хий бичилттэй баримтаар их хэмжээний худалдан авалт хийж, төсөвт төлөх татварыг бууруулж, татвар төлөхөөс санаатай залсхийсэн, тухайн аж ахуйн нэгжүүдээс үнийн дүнгийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн дансаар дамжуулан авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

Иргэн Б.Б нь “өвс” гэх нэршилтэй, НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан  хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14