2024 оны зургадугаар сарын 21-ний өдөр 16 настай охины амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Уг этгээд дахин 32 настай эмэгтэйн амийг мөн хороосон байдаг. Өчигдөр тэдгээр хохирогчдын дурсгалыг хүндэтгэж зул өргөх ёслол болсон. зул өргөх ёслолын үеэр Ч.Шинэсаран охины ангийнхан, сургуулийнхан, багш нар ирсэн байлаа. Тэд Сүхбаатарын хөшөөний баруун хойно бүгд цуглан тойрч зогсоод ангийн найзаа, шавиа дурсан зүрхэн хэлбэрээр лаа асаан хажууд нь 117 гэх тоог бичсэн байлаа. Ангийн багш нь бүх хүүхдүүддээ хандаж “Бүгдээрээ Шинэсарангаа дурсаж нэг минут чимээгүй хүндэтгэл илэрхийлье” хэмээн зогсож байгаад зулаа тойруулан ээлжлэн асааж эхлэв.
Энэ үеэр Ч.Шинэсаран охины ангийн найз М-тэй ярилцлаа.
-Шинэсарантай анх яаж танилцаж, найзалж нөхөрлөж байв?
-Шинэсаран манай ангид 10 дугаар ангид шилжиж орж ирсэн. Маш хөөрхөн ааштай. Ангийн анхных нь найз нь би. Бид ангидаа гурвуулаа нийлнэ. Хөөрхөн ааштай, өгөөмөр тусч, дандаа л инээгээд явж байдаг охин байсан. Дээрээс нь маш царайлаг хөөрхөн охин байлаа.
-Сурлага, урлаг, спортдоо хэр хүүхэд байсан бэ?
-Маш гоё дуулдаг байсан. Хааяа найзуудтайгаа байхдаа бүжиглэнэ. Авьяасын хувьд маш олон авьяастай.
-Сүүлийн үед хүмүүс сошиал орчноос ээждээ хайртай, ээжтэйгээ ойр хүүхэд байж гэж ярьж, бичиж байна. Та хэд ээжтэй нь уулзаж байв уу?
-Ээжтэй нь нэг удаа уулзаж байсан. Охиноо маш их хайрладаг. Охиндоо маш их итгэдэг. Охиноо бүх л талаас нь дэмждэг. Хүүхдээ яаж хайрладгийг яруу тодоор харуулсан. Үнэхээр хүүхдээ хайрлаж дэмжиж чаддаг эгч.
-Ангийнх нь дотны найзын хувьд чамд сэтгэлд дотно үлдсэн дурсамж байдаг уу?
-Юуны хичээл дээр билээ бид гурав хамгийн хойно суучихсан. Шинээ бас манай ангийн нэг охин бид гурав нийлдэг. Ангийн хамгийн хойно суугаад шоколад ангийнхнаасаа нууж идсэн. Нууж идэж байсан болохоор чимээгүйхэн инээлдээд... Тэр дүр нь хамгийн тод үлджээ.
-Гэнэтийн явдал болж ийм зүйл тохиолдсонд ангийнхан нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Эхэндээ ерөөсөө итгээгүй. Хэрэг болсон жил нь хүмүүс нэг их тоогоогүй өнгөрөөсөн шүү дээ. Одоо ингэж сэвээд байгаа нь жаахан онцгүй л санагдаж байна. Бид сургуулиараа мэдээд эмгэнэл хийсэн. Тэгээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бүдгэрэх байх гэж бодсон дахиад гараад ирсэнд гайхаж л байна. Уйлчих гээд цааш нь ярьж чадахгүй нь ээ эгчээ... Ойлгоорой...