Энэ цаг үед намрын ажил эх орны минь өнцөг булан бүрд өрнөж, үүнд Зэвсэгт хүчнийхэн тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож байна. Хэзээнээсээ л намрын ажил, өвөлжилтийн бэлтгэл, улс орны бүтээн байгуулалт, гамшиг осол, зуд турхан, үер, ган гачиг тохиолдоход “Мэдлээ, гүйцэтгэе” гээд морддог тэд энэ удаа ч уламжлал ёсоороо намрын шаргал нарны дор ургацын талбайд ажиллаж байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний тодорхой бүрэлдэхүүн анхны цаснаас урьдан газар тариалан эрхлэгчдийн хүсэлтээр ургац хураалтад манлайлан оролцож байгаа нь энэ.
Тэдний нэг болох Сэлэнгэ аймгийн Орхон сумын тариалангийн талбайд ажиллаж байгаа Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид юм.
Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Орхон түшиг ургац” компанийн тариалангийн талбайд Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас дэслэгч А.Төрболд, ахлах ахлагч Г.Идэрхүү нараар ахлуулсан 50 орчим хугацаат цэргийн алба хаагч ажиллаж байна.
Тэд найман төрлийн ургац хурааж байгаагаас голлох ногоо нь монгол саримс. Эх орныхоо газрын хөрсөнд ургасан хүнсний ногоог хурааж байгаа манай залуусын сэтгэгдэл өндөр, цовоо сэргэлэн бөгөөд ажилдаа гаршиж, түүртэхгүй байгаа нь үйлдэл бүрээс нь тодхон харагдах.
“Орхон түшиг ургац” компанийн захирал Ч.Оюунгэрэл “Хугацаат цэргийн алба хаагчид үнэхээр ажилтай. Манайх жил бүр нь Зэвсэгт хүчний дайчдыг намрын ажилдаа авахыг эрмэлздэг. Яагаад гэхээр зохион байгуулалттай, ажлын гүйцэтгэл их сайн. Бүгд л миний хүүхдүүд шиг дотно сайхан санагддаг юм. Манай компани байгуулагдаад 30 гаруй жил болж байна. Эх орныхоо хөрсөнд ургасан бүтээгдэхүүнээр ард түмнээ хангах зорилготой. Миний хань Б.Хадбаатар 2007 оны улсын аварга тариаланч. Манайх найман нэр төрлийн хүнсний ногоо тариалдаг, үүнээс гол брэнд нь монгол саримс” гээд хугацаат цэргийн алба хаагчдын хангалт үйлчилгээг сайтар зохион байгуулж байгаагаа ч илэрхийлэв. Намар намрын цагт ургац хураалтын их ажлыг нугалдаг цэргийн залуустаа зориулж бүр хэдэн жилийн өмнө амрах байрыг шинээр барьж тохижуулсан, халуун усанд дуртай үедээ ордог тухай дурдлаа.
Тэдний адил ахлах дэслэгч Д.Самданжамц, ахлагч Г.Ууганбаатар нараар ахлуулсан Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн 60 хугацаат цэргийн алба хаагчид Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж байна. Зенитчид гурван бүлгээр буюу ургацын талбайд ногоо хураалт, ачилт болон Германы тусгай тоног төхөөрөмжөөр сортлох гэсэн хэсэгт хуваагдаж, ажлыг ёстой умалзуулж байх юм.
Залуустай ургац хураалт, намар цаг, хүсэл мөрөөдөл, цэргийн албаны талаар хөөрөлдсөнийхөө дараа тэдний тогооч Б.Гэрэлт-Од гэдэг тогооч бүсгүйтэй ч танилцаж амжив. Тогооч бүсгүй маргааш өглөөний хоолны бэлтгэлээ базааж, боорцог хайрч, төмс ногоогоо ч арилгаад завгүй.
Тариалангийн бүс нутагт Зэвсэгт хүчний 327 дугаар анги буюу "Талын чоно"-ынхон ч бас байна. Өнгөрсөн жил Төв аймгийн Сүмбэр, Борнуур суманд ургац хурааж байсан тэд энэ жил Сэлэнгэ аймгийн Орхон, Төв аймгийн Аргүнт суманд тус тус ажиллаж байгаа аж.
Дорнод нутгаасаа 1000 гаруй км зам туулж ирсэн дэслэгч Д.Тэмүүжинээр ахлуулсан хугацаат албаны дайчид Зэвсэгт хүчинтэй хэзээнээсээ хамтарч ажилладаг аж ахуй нэгжийн тариалан талбайд ажиллаж байгаа бөгөөд тариалан эрхлэгчид мөн л цэргийн алба хаагчдадаа баярлаж буйгаа илэрхийлсээр байсан юм.

Эх сурвалж
| Хуурай замын цэрэг
|