Сүүлийн арван жилд true-crime буюу гэмт хэргийн тухай подкастууд маш хурдтай өсч, подкастын хамгийн алдартай жанрын нэг болсон. Зарим талаараа шүүхийн явцыг ойлгомжтой болгоно, хүмүүсийг гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхэд ч тус болдог гэж үздэг. Гэхдээ сөрөг тал байна. Судалгаагаар ийм төрлийн контент байнга сонсдог хүмүүст нойргүйдэх, байнгын түгшүүртэй болох, нийгэмд итгэх итгэл буурах зэрэг сөрөг шинжүүд илэрдэг аж.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ талаар хэлэхдээ:
“Одоо уран бүтээл чөлөөтэй болсон. Хэн дуртай нь сошиалд контент оруулж чадна. Гэхдээ гэмт хэргийг задлаад, бүр дэлгэрэнгүй ярьдаг YouTube сувгууд маш олон болчихлоо. Кино урлаг ч гэсэн бараг бүх зүйлийг деталчилж харуулдаг болсон. Гэхдээ нэг юм дутуу харагдаад байгаа нь энэ бүхний цаана гол мессеж байхгүй. Соён гэгээрүүлэх, "яагаад ингэж болохгүй вэ" гэдэг санаа огт өгдөггүй. Шууд л цус нөж харуулчихдаг болчихсон” гэжээ.
Иргэд ч энэ талаар санаа зовниж байгаагаа хэлдэг. Жишээлбэл, иргэн Б.Алтанзул сошиал хуудастаа:
“Энэ олон crime podcast, аллага, хүчирхийллийг мөнгө болгож коммэршил болгоод байгаа нь таалагдахгүй байна. Ийм цуврал, подкастууд багасвал таарна. Зарим нь бүр хүмүүсийг хүчирхийллийг дуурайхад хүргэж мэднэ” гэж байр сууриа илэрхийлсэн.
Сэтгэл зүйн онолуудаар тайлбарлахад:
-
Cultivation theory: Хэт их хүчирхийллийн тухай үзэх нь “Дэлхий аюултай газар” гэсэн ойлголтыг хүний тархинд тогтоодог.
-
Social learning theory: Хүмүүс харсан, сонссон үйлдлээ дагаж туршиж үзэх магадлалтай.
-
Десенситизаци: Хүчирхийллийг байнга харсан хүн эмзэглэхээ больж, хохирогчийг өрөвдөх мэдрэмж нь багасдаг.
-
Ретравматизаци: Гэмт хэргийн хохирогч, гэр бүлд дахин дахин шарх сэдрээх эрсдэлтэй.
Монголчууд Crime podcast хэр сонсдог вэ? Энэ талаар ямар нэг судалгаа ховор байдаг юм байна. Гэсэн ч энэ төрлийн подкастын үзэлт тогтмол 200 мянгаас өндөр байна.
Гадаадын тоон судалгаа, баримтууд
-
Pew Research (АНУ, 2022): Подкаст сонсогчдын 34% нь тогтмол true-crime сонсдог. Эмэгтэйчүүдийн дунд энэ тоо 44%, эрэгтэйчүүдийнх 23%.
-
Edison Research (2024): 13-аас дээш насныхны 42% нь true-crime подкаст сонсож байсан. 2019 онд долоо хоног бүрийн сонсогч 6.7 сая байсан бол 2024 онд 19.1 сая болж өссөн.
-
Австрали (ABC Survey): Подкаст сонсогчдын 44% нь сүүлийн сар true-crime сонссон гэжээ.
True-crime подкаст нь нэг талаар гэмт хэргийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, шүүхийн үйл явцыг олон нийтэд ойлгомжтой хүргэх эерэг талтай. Гэвч хэт ихээр үзвэл нийгэмд түгшүүр нэмэгдүүлэх, хүчирхийллийг хэвийн зүйл мэт ойлгуулах, зарим тохиолдолд дуурайхад хүргэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Монголд энэ төрлийн подкастын үзэлт өндөр байгаа ч нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөллийн судалгаа ховор. Иймээс:
-
Судлаачид энэ чиглэлийн хэрэглээний нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоох шаардлагатай.
-
Контент бүтээгчид зөвхөн хүчирхийллийг дэлгэрэнгүй дүрслэх бус, соён гэгээрүүлэх, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх мессежийг шингээх нь чухал.
-
Сонсогчид ч өөрсдийн хэрэглээг хянаж, сэтгэлзүйдээ сөргөөр нөлөөлж буй эсэхийг ажиглах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд, true-crime жанр бол сонирхол татахуйц, гэхдээ хэтрүүлбэл хор болох хоёр талт зэвсэг юм.