"Итгэл найдвар, Боломж - Улаанбаатар Марафон" бүх нийтийн гүйлт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон олон нийтийг спорт, хөдөлгөөнөөр нэгтгэн, эв нэгдэл, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урам зоригийг бадрааж, итгэл найдварыг сэргээн, биеийн тамираар дамжуулан эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлж, тэдний нийгмийн оролцоог дэмжих зорилготой. "Ахиллис Монгол ОУБ-аас 11 дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөн, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БТСУХ, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 2025 оны есдүгээр сарын 20-ны бямба гарагт зохион байгуулна. Энэхүү арга хэмжээ нь 2015 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын гурав дахь Бямба гарагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд гүйлт сонирхог олон нийт, залуус, аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжин оролцдог уламжлал тогтоод байна. "Итгэл найдвар, Боломж - Улаанбаатар Марафон" нь бүх түвшний гүйгч, алхагч, тэргэнцэртэй оролцогчдыг оролцуулдаг, нийгмийн хамтын оролцоог бий болгоход онцгой хувь нэмэр оруулдаг. Энэ удаагийн марафоныг зохион байгуулахад шаардлагатай санхүүжилтийг Эрүүл Монгол хүн үндэсний хөтөлбөр, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар болон бусад хандивлагчдаас бүрдүүлж байгаа бөгөөд бүртгэлийн хураамжаас бүрдсэн санхүүжилт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гүйлт болон алхалтын бэлтгэл сургуулилтад хамруулах, гүйлтэд зориулагдсан тусгай тоног төхөөрөмж авах, бэлтгэлийн орчин бүрдүүлэх, мөн гадаад дотоодын марафон, гүйлтийн уралдаан тэмцээнүүдэд оролцоход нь дэмжлэг үзүүлэхэд зориулагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон оюутан залуус бүртгэлийн хураамжгүй оролцоно.
Бүх нийтийн гүйлтийн үеэр Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилууртай талбайд олон нийтийг эрүүл мэндийн дадалд уриалах өдөрлөг зохион байгуулна. Уг өдөрлөгт нийтийн биеийн тамирыг дэмжих болон иргэдийн зөв зохистой хооллолтын мэдээлэл өгөх зорилгоор фитнес, спиннинг, шугаман бүжиг, иог, гар дээр суниалт, гийр болон бусад чиглэлийн танилцуулах үйл ажиллагаа явагдана.
Арга хэмжээний дэлгэрэнгүй:
Огноо: 2025 оны есдүгээр сарын 20-ны бямба гарагт
Байршил: Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, Дүнжингарав худалдааны төвийн урд зам, Маршалын дугуйн зам
Бүртгэл: https://achilles.marathon.mn/
Марафоны экспо: Сүхбаатарын талбай, СТО-ний 1 давхарт, 9/17-19-ний өдрүүдэд 9:00-18:00 цагт
Утас: 70131777 | И-мэйл: info@achillesmongolia.mn
Оролцогчдод олгогдох зүйлс
• Энгэрийн дугаар 10, 21, 42 км-ийн зайд оролцогчдын амжилтыг чипээр баталгаажуулна • Барианд орсны дараа Финишер медаль, батламж, цэвэр ус, гарын бэлэг
21к, 42к гүйгчдэд албан ёсны арга хэмжээний футболк, гүйлтийн эргэлтийн цагуудад энергийн гель, зутан шөл, өвчин намдаах цацлага г.м
Гүйлтийн замд усны цэгүүд, ариун цэврийн байгууламж
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
Ачаа хүлээн авах, хадгалах үйлчилгээ
Үйл ажиллагааны төв талбайд болох эрүүл мэндийн өдөрлөг 10км, 21 км, 42км зайд насны ангиллаар тус бүр эхний 3 байр, 5 км-ийн гүйлт насны ангилалгүй эхний 5 байр, Оюутан гүйлт насны ангилалгүй эхний 10 байр, эр/эм, энгийн пара ангиллаар, ХБ 1500 м-ийн гүйлт эхний 3 байранд медаль, өргөмжлөл, гарын бэлгээр шагнана.
Б.ОРГИЛМАА