Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “Жем молл” худалдааны төвд эхнэрээ хутгалж хөнөөсөн хэргийн шүүгдэгч Э-гийн хэргийн шүүх хурал боллоо.
09:00 цаг: Тангараг өргөж, шүүхийн дэг танилцууллаа.
Хохирогчийн өмгөөлөгч: Гэрчийн мэдүүлэгт "Байнга энэ хүн лангуу дээр нь ирж хэрүүл маргаан үүсгэдэг. Дэлгүүр хавийн бүхий л худалдагч нар нөхрийнхөө дарамтад байдаг гэж шивэр авир ярьдаг байсан. Хоёр удаа нөхөр нь ирээд дарамталж байхад цагдаа ирсэн" гэдэг гэрчүүдийн мэдүүлэг байгаад нотоллоо гээд оруулаад иртэл энэ хүн "Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй" гээд маргаад байгаад л би түүнийг нотлох гэж хувь чат хоорондын дарамтын зүйлийг шүүхэд гаргаж өгсөн.
Хохирогчийн өмгөөлөгч: Шүүгдэгч мэдүүлэг дээрээ “Би гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй” гэж байсан. Би шүүхэд гаргаж өгсөн гар утасны чатыг үзэхэд байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж дарамтад байсан байна. Маш олон жил дарамт шахалтад байнга бэмбэгэнэж, айдастай байсан. Би гар утсыг нь аваад ирсэн үзүүлэхэд бэлэн.
Хүү Дөлгөөн "Миний ээж Н.Энхбат гэдэг хүнд байнга зодуулж хөөгдөж туугддаг байсан. Намайг аяга таваг угаасангүй, гэр цэвэрлэсэнгүй гэж байнга зоддог байсан"
Прокурор: Өмнө нь хохирогчийн биед халдаж, хүч хэрэглэсэн үйлдлээр шүүхэд дуудагдаж хохирол барагдуулан эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэг нь хаагдаж байжээ
09:20 цаг: Шүүгдэгч талаас хаалттай явуулах, завсарлах хүсэлт гаргалаа.
Шүүгдэгч Н.Энхбат: Тэр хутга бид хоёрын цайгаа уудаг байсан хутга. Хиам, талх авчраад өдрийн цайндаа зүсэж иддэг байсан. Тэр хутгыг манай хүн 2-3 жилийн өмнө өөрөө авчирч шургуулгадаа хадгалдаг байсан. Тэр хутгыг тэр хавийнхан бүгдээрээ хэрэглэдэг
Гэрч: Би тэр өглөө хамгийн эрт очсон. Тэр хутга хохирогчийн шургуулгад байдаг хутга биш. Шургуулгад масло түрхдэг жижиг хутга л байдаг байсан. Би тэнд хамгийн эрт очсон, тэр үед хажууд нь байсан. Гаднаас орж ирээд шургуулга руу хутга хийж байгаа бичлэг худалдааны төвийн бичлэгт байдаг. Би үзсэн.
Шүүгдэгч Н.Энхбат: Би ээж аавынхаа нэрийг барьж андгайлъя хэрэг гарах үед архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан.
09:40 цаг: Хохирогчийн өмгөөлөгч яллах дүгнэлтийг танилцууллаа.
Шүүгдэгч өөрийн байр сууриа илэрхийлж, нотлох баримтад үзлэг хийлгэх хүсэлт гаргалаа.
Хохирогчийн эгч: Миний дүү айлын бага охин. Бид дүүгээ маш их хайрлаж өсгөсөн. Арван жилд байхдаа миний дүү их авьяастай, онц сурдаг, бүжигчин бүх зүйлд дөртэй хүүхэд байсан. Н.Энхбат гэдэг хүнтэй сууна гэхэд манай гэрийнхэн бүгд эсэргүүцсэн. Гэвч өөрсдөө эсэргүүцсээр байгаад гэр бүл болсон. Том хүүгээ төрүүлээд хоёрхон сартай байхад тэврээд гэртээ ирсэн. Энэ хүнтэй нийлснээс хойш сэтгэл зүй нь тогтворгүй болж, их өөрчлөгдсөн. Байн байн сална гээд ирдэг ч Энхбат ирээд хайрлана, халамжилна гээд аваад явдаг. Өөрөө ч ухаарсан байх гээд явчихдаг байсан. Эцэст нь дүү минь энэ хүний гарт байхгүй болчихлоо.
Хохирогчийн ээж: Цэцэг цэврүү шиг охиныг минь гэрээс нь хайрлана халамжилна гээд хөтлөөд гарсан шүү дээ. Даанч дээ!!! Энхбат аа!!! Миний охин өөрийн хүч хөдөлмөрөөр гурван өрөө байр, машинаа авч өөрийн амьдралаа босгосон. Харин Энхбат өөрөө гэр бүлээс гадуурх харилцаатай байсныг миний охин хэлдэг байсан. Түүний ах дүү нар ч, хүүхдүүд нь ч мэдсэн. Үүнээс болж салах шалтгаан ч үүссэн байх. Миний охин ганцаараа юм шиг гурван хүүхэд гэр орноо авч явсан. Сүүлийн хоёр жил энэ хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдгийг хэлдэг болсон. Хааяа дэлгүүрт нь очиход нүүр ам нь бага зэрэг хөхөрсөн түүнийгээ кремээр дарсан байдаг. Яасан бэ гэж асуухад "Зүгээр ээ" ээжээ гэдэг байсан. Эцэст нь энэ хүний гарт амиа алдлаа. Монгол Улсын шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, ялын дээд хэмжээг оногдуулна гэдэгт итгэж байна.
Хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа: Том хүү нь хэдийгээр аав гэж хэлмээргүй байгаа ч намайг энэ хорвоод төрүүлсэн хүний нэг болохоор хоёр жаахан дүүгээ бодоод гянданд явуулмааргүй байна гэж хэлсэн.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн завсарлагааны үеэр Н.Э-гийн гарт амиа алдсан хохирогчийн ээж П.Найгалмаагаас тодрууллаа.
Хохирогчийн ээж: Үр хүүхдээ бодохгүй. Бодож байсан бол яах гэж ээжийг нь алав. Миний мэдэхийн энэ хүн 18 жил охиныг минь дарамталсан. Том хүү нь 18 настай. Үнэхээр хэцүү байсан. Одоо эргээд бодоход биднийг хамт дарамталж байжээ. Яагаад гэхээр хүүхдүүдийг нь бидэн рүү явуулахгүй. Өөрийг нь явуулахгүй. Охин минь бидэн дээр ирэхээр, ажил руугаа очихоор Энхбат байнга залгана. Залгахаар нь охин минь чичирч салгалаад, ярьж чадахгүй бидний хажуугаас холдож байгаад ярьдаг. Маш их дарамттай байсан. Энэ дарамтаасаа болоод арга ядаад салахаар шийдсэн.
-Сая өмгөөлөгч асуусан шүү дээ. Та хохирогчид болон хүүхдүүддээ хайртай байсан уу? гэж асуухад би маш их хайртай гэж хариулсан. Үүнийг нь та юу гэж бодож байна вэ?
-Тэр бол жүжиглэлт. Ер нь их жүжигчин хүн. Дандаа худлаа ярина. Би эхэндээ шүүх хуралд сууж байгаад өөрийгөө өмөөрч худлаа мэдүүлэг өгөөд байхаар нь даралт ихсээд гараад ирлээ. Сууж чадахгүй боллоо. Ер нь алуурчин, хүчирхийлэгч ийм л байдаг юм байна. Хүчирхийлсээр байгаад сүүлдээ болдог юм байна гэж явсаар байгаад амийг нь авчихлаа шүү дээ. Үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байна шүү дээ.
-Үүнд хамгийн эмзэг асуудал хүүхдүүд байна шүү дээ. Том хүү ээжийгээ бодохоор аавдаа гомдоод, аавыгаа бодохоор бас гянданд явуулж чадахгүй хамгийн хэцүү байдалд байх шиг байна?
-Хүү багаасаа аавдаа зодуулсан. Өөрөө ч хэлж байна. Би маш олон жил аавын зодуур дарамтад өссөн. Аавыгаа аав гэж хэлмээргүй байна гэж ярьдаг байсан. Энэ алуурчны эгч нар нь хүүхдүүдэд хувцас хунар авч өгнө гэж наймдугаар сард дагуулж яваад, толгойг нь эргүүлээд өөрсдийнхөө талд авъя гэж ярьсан юм уу, яасан юм. Хүүгийн санаа өөрчлөгдөөд байгаад гайхаад байна. Хүүгийн дүү нь настай охин байгаа. Тэр охиноо хүртэл маш их дарамталдаг. Амиа хорлох юм сан гэж хүртэл ярьдаг байсан гэж байна. Биднээс хол хөндий өсгөсөн. Бараг гэртээ оруулахгүй шүү дээ. Орох юм бол танай аав, ээж яах гэж яваа юм. Яах гэж гэртээ оруулсан юм гэдэг. Бид охиноо зовоохгүйн тулд аяыг нь хараад байж байсан. Сална гэхээр нь ашгүй минь, салаад яс амрах байх гэтэл ийм зүйл болчихлоо. Яах ийхийн зуургүй. Үнэхээр харамсалтай байна. Би юм ярьж чадахгүй нь... Хайран сайхан охин минь. Амьдралаа өөрөө босгосон миний охин. Энэ алуурчин ерөөсөө ажил хийдэггүй. Гэртээ хэвтчихээд л, аав ээж дээрээ орж хоол идчихээд л миний охиныг дарамтлаад хэвтэж байдаг тийм л хүн. Үнэхээр аймшиг. Би ч хүртэл сүүлдээ харахаар айдаг. Тэрнээс тусдаа амьдарч байгаа хүн мөртлөө би хүртэл харахаараа айдаг. Аав ээж нь хүртэл адилхан тийм хүчирхийлэлд автчихсан байна шүү дээ. Тийм ээ. Тэгж зүтгэсээр байгаад миний охин өөрөө амьдралаа босгосон.
-Анх суухад нь та их эсэргүүцсэн гэсэн?
-Тийм. Солонгост жирэмсэн байхад нь утсаар их дарамталдаг байсан. Түүнийг нь мэдрээд л би их эсэргүүцдэг байсан.
-Та эргэн тойронд нь байсан хүмүүс бичлэг хийгээд хараад зогсож байсан тухай мэдээлсэн. Хүмүүст хандаж хэлэх үг байна уу?
-Хүн хүндээ л туслах ёстой байх. Миний охиныг авраарай, туслаарай гээд орилж байхад нь хараад зогсоод байсан хүмүүсийг бодохоор би гол харладаг. Амь гарах боломж байсан. Эрэмдэг ч байсан охин минь амьд байсан бол гурван хүүхэд нь өнчрөхгүй. Арайхийж гурван хүүхдээ тэндээс аваад, тусдаа гараад ирэх гэж байсан миний охин. Тэр сайхан амьдралыг хүсэж мөрөөдөөд явж байсан хүн юу гэж ийм зүйл болно гэж бодох вэ дээ.
-Хүүхдүүд нь одоо хаана байгаа вэ?
-Хүүхдүүдийг алуурчны эгч нар аваад явчихсан.
-Та бүхэн хүүхдүүдийг хаана байлгавал илүү зохимжтой гэж үзэж байна вэ?
-Эгч нь уг нь асран халамжлагчаар авъя гээд өргөдлөө өгсөн байсан. Шүүх хурлын дараа шийдэх байх.
11:00 цаг: Хэргийн хавтаст хэргээс хэрэгт холбоотой 11 гэрчийн мэдүүлгийг танилцууллаа.
11:10 цаг: Яллах дүгнэлтийг танилцууллаа.
Шүүгдэгч гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөнгүй. Асуултад хариуллаа.
11:15 цаг: Шүүгдэгч хохирлын төлнө гэв.
11:20 цаг: Хохирогчийн 2014 онд хүчирхийллийн хэргээр гомдол гаргаж байсан талаар асуухад хүчирхийлэл үйлддэггүй байсан гэв.
11:25 цаг: Хүүгийнхээ өгсөн мэдүүлгийн зарим зүйлсийг үгүйсгэв.
11:30 цаг: Тухайн үед юу хийж байгаагаа мэдээгүй.
11:35 цаг: Хохирогчийн эгч мэдүүлэг өгч, асуултад асуулаа.
11:50 цаг: Нэхэмжлэлийн задаргааг хохирогчийн өмгөөлөгч танилцууллаа.
12:10 цаг: Сэтгэц сэргээн засах эмч хохирогчийн хүүхдэд хийсэн дүгнэлтээ танилцууллаа.
Хохирогчийн аав: Эрүүгийн гэмт хэрэг газар авч байна. Байс гээд л нэг ноцтой гэмт хэрэг гарч байна. Өмгөөлөгчид нь гэмт хэрэгтний талд орж байна шүү дээ. Есүүлээ байна гэж юу гэсэн үг вэ. Ард түмэн л хохирч байна. Цаазын ялыг л сэргээж өгмөөр байна. Хүн алсан хүнд өршөөл гэж баймааргүй байна. Тэр чинь араатан, хүн биш. Санаатайгаар алсан тэр. Бүр төлөвлөөд, төрсөн хүүгийнхээ төрсөн өдрийн урд өдөр нь ээжийг нь ална гэдэг чинь юу гэсэн үг вэ. Маргааш нь том хүү нь төрсөн өдрөө тэмдэглэх гээд ээжтэйгээ яриад явж байсан л байж таараа. Хадмуудаа хөдөө явсан хойгуур бүр санаатайгаар алсан байгаа юм. Тэр төлөвлөгөөтэй алсан. Би тэгж л бодож байна. -Та ар гэрийнхэнтэй нь уулзсан уу? -Би тэдэнтэй юу гэж уулзах юм. Гэмт хэргийн ар талтай би яах гэж уулзах вэ. Надад уулзах хүсэл ч алга. Хармаар ч үгүй байна. Тэгээд шүүх хурал дээрээ би хайртай байсан гэж солиороод. Энэ бол жүжиг. Цэвэр жүжиг. Тэр хүн өөрөө өөрийгөө боомилж алаач л гэж би хүсмээр байна. -Охиноо анх энэ хүнтэй нийлэхэд хэрхэн хүлээж авсан бэ? -Би дургүйцэж байсан. Тэгээд насанд хүрсэн хүн өөрийнхөө хүслээр явж байхад дийлэхгүй шүү дээ. Надад их харамсалтай байна. Хорин жил ханилчхаад хайртай байсан гэдэг хүнээ ална гэдэг тэр бол араатан. Араатнаас ч долоон дор. Би их бухимдалтай байна. Монголын шүүх үнэн зөв шийдэж өгөөч ээ, ялын дээд хэмжээ өгөөч ээ гэж л би хүсэж байна.
Шүүгч: Сэтгэл санааны хохиролд 19.793.197 төгрөгийг хохирогчийн хуульд ёсны төлөөлөгчид олгохоор, сэтгэцийн хор уршгийн зардалд 162.000.363 төгрөг гаргуулж, амь хохирогчийн төрсөн хүү Дөлгөөнд олгохоор шийдвэрлэж байна. Хохирогчийн хууль ёсны өмгөөлөгчийн зардалд 10 сая төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна. Нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын тухай хуулиар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхин тус тус шийдвэрлэлээ. Хэргийг шийдвэрлэх бусад нотлох баримтын хүрээнд прокурорын шилжүүлсэн хэрэг рүү шийдсэн яллах дүгнэлтэд үндэслэн хүний амийг онц хэрцгийгээр үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүл салсан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Ингээд шүүгдэгчийн талаас 10 минутын заварлага авч, оршуулгын зардлыг төлөхөөр боллоо.
Прокурор: Эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатыг бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх санал гаргаж байна.
Хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа: Н.Энхбатын эцэг байх эрхийг хасах санал гаргаж байна.
2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 17:06 цаг:
Шүүхийн шийдвэр гарч, Н.Энхбатыг бүх насаар нь хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн Анхан шатны шүүх иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн шүүгдэгчээс оршуулгын зардал 19 сая төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, сэтгэцийн хор уршгийн зардал 162 сая төгрөгийг амь хохирогчийн төрсөн хүү Дөлгөөнд олгохоор шийдвэрлэв.
2025 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 17:30 цаг: Дараагийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ.
Яллагдагч Ц.Д-ийн өмгөөлөгч шүүхэд:
“Сошиалд мэдээлэл тарснаас болж үйлчлүүлэгчийн гэр бүл рүү халдсан. Тиймээс хуралдааныг хаалттай явуулахыг хүсэж байна” гэж мэдэгдэв.
Хохирогч Э.Номин-Эрдэнийн өмгөөлөгч Ш.Эрбол:
“Насанд хүрээгүй хохирогч, гэрч, шүүгдэгчдийн хувийн мэдээлэл хэлэлцэгдэх тул хурлыг хаалттай явуулах саналтай байна” гэв.
17:40 цаг: Шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчдын өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр хэргийг хаалттай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр завсарлага авав.
18:00 цаг: Өмгөөлөгчдийн хүсэлтээр хэргийг хаалтай шүүхээр болов.
19:30 цаг: Шүүхээс хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа.
Хохирогч Ш-ийн ээж Г.Отгонтуяа: Намайг дэмжсэн бүх монголчууддаа баярлалаа. Дэлхийн өнцөг булан бүрд дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Шүүгч нартаа баярлалаа. Миний охин босоод ирэхгүй. Гэхдээ хэрэг үйлдсэн этгээдүүд ялаа үүрнэ гэдэгт итгэж байна. Хэдийгээр миний охин тэнгэрт байгаа ч би нэг зүйл хэлмээр байна. Сошиалд байгаа хүчиндүүлсэн, боолгуулсан, чемоданд байсан охин. Миний охин онц хэрцгийгээр амиа алдсан. Би 15-хан минутынх нь зургийг тавьсан. Надад сонголт байгаагүй. Би тартатаа тулаад л тэр зургийг тавьсан шүү.
Хүний хүүхдийг онц хэрцгийгээр бүрэлгэчхээд, бүлэг хэрэг хийчхээд өнөөдрийг хүртэл... Жаахан хүүхэд шүү дээ. Тэр жаахан хүүхэд яаж амь гуйж байсан бол. Би хэргийг дараа дэлгэрэнгүй ярина... Монголынхоо ард түмэнд бүгдэд нь баярлалаа.
Тус хэргийн Шүүхээс гаргасан тоймыг хүргэж байна.
Яллагдагч Ц.Д нь 2024 оны 06 дугаар сард хоёр удаагийн үйлдлээр хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хоёр хүнийг алсан, бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, кибер орчинд хууль бусаар халдсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, залилах, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж,
Яллагдагч Х.Э-г 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон гэмт хэргийн хамжигчаар тус тус холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж,
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хохирогч Ч.Ш-ын хууль ёсны төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч нарын “... заналхийлэх гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон байгаа Э.Н, Э.Г нарыг хүнийг алах гэмт хэргийг хамтран үйлдсэн байж болзошгүй үндэслэлийг өмнөх шүүх хуралдаанд гаргасан, ...” ба шүүхээс уг хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцаасан боловч уг ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хэргийг дахин шүүхэд ирүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу, бүрэн биш хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, түүнчлэн хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан буюу хохирогч Ч.Ш-н хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч Б.Солонгод хэргийн материал танилцуулаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
Хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн хэн хэрхэн хамтран оролцсон...Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал;/ хэргийн бодит байдлыг бодитойгоор тогтоож чадаагүй гэж шүүх үзлээ.
Тухайлбал, прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог бөгөөд прокурорын хяналт доор мөрдөн шалгах байгууллага хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэх хуулийн зохицуулалтай буюу шүүх уг ажиллагааг бие даан явуулах эрх хэмжээ байхгүй тул хохирогч Ч.Ш-ын хууль ёсны төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг бүхэлд нь хүлээн авч, дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг буцааж шийдвэрлэв.