Угаарын хийн хордлого, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, Тавантолгой түлш ХХК, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" ОНӨААТҮГ хамтран мэдээлэл хийлээ.
Нийслэлийн ОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар: Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш объектын гал түймрийн нийт 1909 дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид ажиллан иргэн, аж ахуй нэгж байгууллагын нийт 253 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 2600 гаруй иргэдийг гарган амь насыг нь хамгаалаад байна. Хүйтний улиралд гал түймрийн дуудлага эрс нэмэгддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газраас “Сэргийлье хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг эхлүүлж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн алба, Агаар орчны бохирдолтой тэмцэх газар, НОБГ, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв", Экологийн цагдаагийн алба, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Нийслэл дүүргийн засаг даргын тамгын газар зэрэг байгууллагууд хамтран ажиллаж өргөн хүрээнд эхлүүлж байна. “Сэргийлье хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл, хяналт шалгалт, заавар зөвлөмж өгнө. Иргэдийг заавар зөвлөмжийг хэрэгжүүлж хамтран ажиллахыг уриалж байна.
Б.ЭНХЗАЯА