Фото зургийг | П.МӨНХГЭРЭЛ
ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа Зэвсэгт хүчин, төрийн цэргийн бусад байгууллагын зарим дэд хурандаа нарт хурандаа цол олгосон билээ.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн эгнээнээс Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч дэд хурандаа С.Ариунболдод албан тушаалын зэрэглэлийн дагуу хурандаа цол олгосон юм.
Шинэхэн хурандаа нарт хандаж ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “Хурандаа гэдэг офицер бүрийн хүртээд байдаггүй цол. Цол дагаж бяр гэдэг. Би харин бяр гэдгээс илүү танд үүрэг, хариуцлага улам нэмэгддэгийг хэлмээр байна. Үүрэг, хариуцлага бүрийн тэргүүн эгнээнд явж, Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулахыг захъя” хэмээгээд баяр хүргэж, ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөсөн юм.
Хурандаа Сүхбаатарын Ариунболд нь 2001-2005 онд ҮБХИС-ийг Ерөнхий цэргийн командын офицер мэргэжлээр суралцан төгсөж, ажлын гараагаа Зэвсэгт хүчний 032 дугаар ангид Хүндэт харуулын тусгай ротын салааны захирагчаар эхлүүлсэн бөгөөд 2014-2017 онд ОХУ-ын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академийг “Нэгтгэл, анги салбарыг удирдах” мэргэжлээр оператив-тактикийн магистрын зэрэгтэй алтан медальтай төгссөн ахлах офицер юм.
Цэрэгжлийн спортод үзүүлсэн амжилтаараа Зэвсэгт хүчний түүхэнд шилдэг тамирчдын нэг болж чадсан тэрбээр хамгийн сүүлд эх орныхоо даалгасан эрхэм үүрэг болох ОХУ-ын Хабаровск хотноо энэ сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний хайрцагийг сүр жавхлантайгаар командлан алхсан билээ.
Эх сурвалж
| Хуурай замын цэрэг
|