Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг 2025 оны есдүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд ажиллаж хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн төв, хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Тухайлбал, Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрмийн 7.4.2-д цэцэрлэгийн бага болон холимог бүлэгт 20, дунд, ахлах, бэлтгэл бүлэгт 25 хүүхэдтэй байхаар бүлгийн зохион байгуулалт хийхийг тусгасан байдаг. Тус сумын цэцэрлэг 2025-2026 оны хичээлийн жилд 213 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа бөгөөд нэг бүлэгт ногдох хүүхдийн тоо их байна. Мөн цэцэрлэгийн өрөө, танхимын агааржуулалт муу, стандартын шаардлагад нийцээгүй байна.
Сумын Эрүүл мэндийн төв нь Япон Улсын Хүүхдийг ивээх сангийн тусламжтайгаар өргөтгөл барьж байгаа нь сайшаалтай боловч өргөтгөлд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг улсын төсөвт тусгаж чадаагүй байна. Түүнчлэн, эрүүл мэндийн даатгалын бодлого, зохицуулалтаас үүдэлтэй төсвийн алдагдалтай, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэд, олон нийтэд хүртээмжтэй, чанартай хүргэхэд анхаарах шаардлагатай байна.
Хамтарсан баг нь сумын ИТХ-ын 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Засаг даргаар удирдуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж байна. Хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих төсвийг орон нутгийн төсөвт суулгаагүй, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргаж байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэл, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах төсвийг орон нутгийн төсөвт суулгах, зөв зохистой хуваарилах, мөн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн нарийвчилсан судалгааг тогтмол гаргах, хяналт тавих, байгууллага хоорондын уялдаа холбоог эрчимжүүлэх шаардлагатай байна.