УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.09.18/-ийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөл, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцүүллээ.
Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийг үргэлжүүлэн хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр байнгын хороодод шилжүүллээ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Гишүүдийн зүгээс Төсвийг сангийн яам биш салбар яамдууд эрэмбэлэдэг байх, хуулиудын уялдаа холбоог сайжруулах, төрөөс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг хатуу хугацаатай болгож хааж байх, тэтгэврийн нэмэгдлийг тогтолцооны хувьд шийдэх Засгийн газрын бодлого боловсруулах, сургуулиудын хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд эхлүүлсэн барилгуудыг яаралтай ашиглалтад оруулахад төсөвт шаардлагатай хөрөнгийг шийдэх, АМНАТ-ын бие даасан хуультай болох шаардлагатай талаар байр сууриа илэрхийлэв.
Үүнээс гадна энэ удаагийн төсөв нь иргэд олон нийтээс анх удаа санал асуулга авч боловсруулсан, төсвийн эрсдэлийн шинжилгээг анх удаа оруулсан, төсвийн хөрөнгө оруулалтын явцыг ил тод нээлттэй байршуулсан PIMIS буюу төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системд тусгасан, эдийн засгийн бодит нөхцөл байдлууд дээр тулгуурлан боловсруулсан зэрэг онцлох талуудтайг тодотгов.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн У. Отгонбаяр нарын 8 гишүүн 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 7 гишүүн 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороонд тус тус хурал хуваарилав. Монгол Улсын иргэн Б.Номингоос ирүүлсэн эмч багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар Ажлын хэсэг байгуулах нийтийн өргөдөл ирүүлснийг УИХ-ын нийтийн өргөдөл гомдлын системд 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нийтэлсэн уг өргөдөл 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 33083 иргэний санал авсан тул нийтийн өргөдөлд дурдсан асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний дагуу Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо Төсвийн байнгын хороо болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа.