Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын ажилчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байгаа тухай мэдээлэл хийлээ.
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З. Цогтгэрэл: Багш ажилчид хөдөлмөрийн хүнд нөхцөл, ажлын ачаалал, бага цалинтай ч өөрсдийн сэтгэл зүрхээрээ өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2024-2025 оны хичээлийн жилд 4200, 2025-2026 оны хичээлийн жилд 3800 багш, ажилчдын дутагдалтай, хөдөлмөрийн нөхцөлийн ачаалалтай байгаа юм. Ажил хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллах, боловсролыг тэргүүлэх салбар болгох зэрэг асуудлууд зөрчигдсөөр өдийг хүрсэн.
Боловсролын салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэмцэл хөдөлгөөн зохион байгуулах ажлын хэсгийг нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тэмцлээ эрчимжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үндсэн цалинг 3’500’000 болгох шаардлага тавьсан. Цаашид тэмцэл хөдөлгөөнөө орон даяар зохион байгуулах, ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу тэмцлээ үе шаттайгаар зохион байгуулах мөн чанартай боловсрол, хүртээмжтэй санхүүжилтийн төлөө эвлэлдэн нэгдэж байгаагаа мэдэгдэж байна гэв.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир: Монгол Улсын Засгийн газар ирээдүйд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг бүтээх, 2026 оныг боловсролын жил болгох, УИХ гишүүд ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр зорьж байгаа юм бол боловсролын салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлээч. Багшийн дутагдалтай байгаа боловч нэмээд орон тооны цомхотгол хийж байна. УИХ гишүүд анхааралдаа авах хэрэгтэй. Монголын боловсрол , шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос явуулж буй энэ үйл ажиллагааг МҮЭХ, түүний гишүүн байгууллагууд 21 аймгийн хэмжээнд зохион байгуулна гэдгээ мэдэгдэв.
Б.ЭНХЗАЯА