Өнөөдөр Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл БНСУ-ын Пусан Их Сургуулийн Эмнэлгийн “Олон улсын эмчилгээний төв”-ийн дарга Lee Jeong Gyu, Мэдрэлийн мэс заслын тасгийн профессор Choi Hyuk Jin, Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын профессор Yoon Hyung Joon, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн менежер Noh Ji Myeong нарыг хүлээн авч уулзлаа.
Дорнод аймаг нь “Эмчийн хөгжлийг дэмжих” төслийг 2024 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа ба энэ хүрээнд БНСУ-ын Пусан Их Сургуулийн Эмнэлэгтэй хамтран ажиллаж, 12 эмч, мэргэжилтнийг аймгийн Орон нутгийн төсвийн 124.1 сая төгрөгөөр сургаж, ур чадвар, мэдлэгийг дээшлүүлээд байна.
Үүний үр дүнд ходоодны хавдрыг тайрах нээлттэй мэс засал, нарийн гэдсэнд гуурс байршуулах хөнгөвчлөх дурангийн мэс засал, өрцний ивэрхий засах дурангийн мэс засал, уушги хэсэгчлэн тайрах мэс засал, шуу богтосны хуурамч үе үүсгэсэн хугарлыг бэхлэх зэрэг мэс заслуудыг амжилттай хийж байна.
Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Пусан Их Сургуулийн Эмнэлгийн “Алсын зайн оношилгооны төв”-ийг 2024 онд нээж, өвчтөнүүдийг эмчлэхээс гадна хагалгааны явцад БНСУ-ын Пусан Их Сургуулийн эмч нартай шууд холбогдож заавар зөвлөгөө авах, онлайн эрүүл мэндийн зөвлөгөөг үнэ төлбөргүй авах зэрэг үйл ажиллагааг явуулж байгаа юм.
Энэхүү уулзалтаар аймгийн Засаг даргын зүгээс Пусан Их Сургуулийн Эмнэлгийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэх саналтай байгаагаа илэрхийлж, ялангуяа эмэгтэйчүүдийн хортой хоргүй хавдар, мэс заслын чиглэлээр эмч нарыг мэргэшүүлж, дадлагажуулан хамтран ажиллах хүсэлтэй байна гэв.
БНСУ-ын Пусан Их Сургуулийн Эмнэлгийн “Олон улсын эмчилгээний төв”-ийн дарга Lee Jeong Gyu, Дорнод аймгийн удирдлага Эрүүл мэндийн салбараа дэмждэг нь энэхүү салбартаа хэрэгжүүлдэг, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах, өөр улс оронд мэргэжил дээшлүүлэхэд дэмжих, зорилтот бүлгийн хүн ам руу чиглэсэн төслүүдийн хэрэгжилтээс харагдаж байна. Цаашид бид танай аймагтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.