Монгол Улсын Төрийн гурван удаагийн шагналт, Академич, нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн гэр бүлээс Өндөр гэгээн Занабазарын анхны хийцлэлд хамаарахуйц Лхам Норжүнма бурханыг түүний охин, монголч эрдэмтэн, доктор (Ph.D) Анна Цендина Дамдинова Чингис хаан Үндэсний музейд (2025.09.18) хандивлалаа.
Их эрдэмтний хадгалж байсан Монголын түүх, соёлын үнэт өв болсон ховор бүтээлийг ийнхүү Чингис хаан Үндэсний музейн үнэт үзмэр болгон хадгалуулж байгаа нь музейн түүхэнд тэмдэглэх чухал үйл явдал хэмээн Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун хэлж гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.
Энэ үеэр Монголч эрдэмтэн, Доктор (Ph.D) Анна Цендина Дамдинова, отгон шавь ахмад эрдэмтэн Р.Отгонбаатар нар тус бурхныг нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнд хадгалж байсан тухай сонирхолтой дурсамж яриаг өрнүүлж байв.
Энэхүү арга хэмжээнд Академич Д.Төмөртогоо, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч асан академич Т.Дорж, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Академич Ц.Цэрэндорж, ШУА-ийн Түүх, угсаатны зүй хүрээлэнгийн захирал, Доктор (Ph.D), дэд профессор Л.Эрдэнэболд, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, Доктор (Ph.D), профессор Г.Эрэгзэн, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Доктор (Ph.D), профессор Б.Пүрэвсүрэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Доктор (Ph.D), дэд профессор О. Шинэбаяр, МУИС-ийн багш, Доктор (Ph.D), профессор Б.Түвшинтөгс, ахмад эрдэмтэн Р.Отгонбаатар зэрэг хүндтэй зочид байлцлаа.