Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдааны үеэр төлөөлөгч З.Төмөртөмөө нийслэлийн хөгжлийн бодлого, инженерийн дэд бүтцийн байгууллагуудын үүрэг хариуцлага, иргэдийн тулгамдсан асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр төрийн өмчит болон нийслэлийн өмчит байгууллагуудын дунд хариуцлагын зааг тодорхой бус, техник нөхцөл олгох үйл явцад хүнд суртал ихтэй, энэ нь хувийн хэвшлийн төдийгүй төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд ч саад учруулж байгааг онцлов.
Тодруулбал, “Би одоо нийслэлийн өмчит компанийн дахин төлөвлөлтийн ажил хийж байна, техникийн нөхцөл хүсэх үнэхээр хэцүү. Хотын дарга болон холбогдох байгууллагууд иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр, ажлаа ил тод, шуурхай зохион байгуулахад холбогдох байгууллагууд анхаарах шаардлагатай” хэмээв.
Мөн гэр хорооллын өрхүүдийн түлшний цэгийн хүрэлцээгүй, хороо, дүүргүүдээс түлшний цэг нэмэх хүсэлт олон ирж буйг дурдав.
Нийслэлийн нийт өрхийн тал нь гэр хороололд амьдарч байгаа тул түлшний цэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэж төлөөлөгч З.Төмөртөмөө тодотгов.