“MCS” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалаас тодруулаа.
-Ард түмний баялгийг хулгайллаа, Ухаа худгаа авъя гэх мэтээр хөдөлгөөнүүд өрнөөд байна. Үүн дээр та ямар тайлбар өгөх вэ?
-Тэр бол буруу ойлголт. Зориудаар тийм худлаа мэдээлэл цацсан гэж ойлгож байгаа. Энэ бол төрийн бүх байгууллага оролцсон, бүх л яам оролцсон. Ажлын хэсэг гараад 4 сар хэлэлцээр хийгээд, төр эзэмшлийн хувиа өгчихсөн байгаа. Төрийн бүх л байгууллагын албан ёсны бичиг баримт нь байгаа. Тиймээс бид стратегийн ордын хүрээнд хууль номын дагуу төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн тохиолдолд, хувийн хэвшилтэй хамтран эзэмшвэл 50 хүртэлх хувийг эзэмших ёстой гэснийг бид давуулан биелүүлээд 96 хувиа өгчихсөн байгаа. Энэ бол ямар ч маргаангүй хуулийн дагуу хийсэн төсөл.
-Өнгөрсөн хугацаанд танайх энэ төсөлд ямар нэгэн хөрөнгө оруулалт хийсэн үү. Анх Засгийн газартай гэрээ хийх үед ямар нөхцөл байдал үүсэж байсан бэ?
-2007 онд Ашигт малтмалын тухай хууль гараад стратегийн ордуудыг төсвийн хөрөнгөөр хайгуул хийнэ. Хувийн хэвшил 50 хүртэлх хувийг эзэмших ёстой. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн бол 34 хувь байна гэж заасан. Түүний дагуу бид төрд 50 хүртэлх хувийг өгөх ёстой байсан. Түүнийгээ давуулан биелүүлсэн. Түүнээс хойш бид 1 тэрбум ам.доллар орчмын хөрөнгө оруулалт хийсэн. Өмнөговийн бүст бид автозам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, цэцэрлэг гэх мэтчилэн нийгмийн бүтээн байгуулалтууд хийсэн. 2024 оны эцсээр гаргасан дүнгээр 5 жилийн үйл ажиллагаанд ойролцоогоор 2.6 их наяд төгрөг улсын төсөвт төлсөн.