Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багт боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс тодруулаа.
-Архангай аймгийн Ихтамир суманд гарсан малын боом өвчний талаар тодруулахгүй юу?
-2025 оны есдүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумаас мал нядалгаа хийсэн хүнээс шинж тэмдэг илэрч тусгаарлалтад авсан. Тухайн иргэнийг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж байгаа. Биеийн байдал тогтворжсон. Хүндэрсэн зүйл байхгүй. Амин үзүүлэлтүүд сайн. Одоо намжмал байдалд орсон.
-Тухайн хэсэгт хөл хорио тогтоосон уу?
-Өвчний голомтод хэсэгчилсэн хөл хорио тогтоосон. Аймгийн Эрүүл мэндийн газар болон Мал эмнэлгийн байгууллага шаардлагатай тандалт судалгааг хийж, хяналтдаа бүрэн авсан. Өөр хүнд халдвар тархсан тохиолдол байхгүй. Эмчлүүлж байгаа нэг хүний биеийн байдал сайн байгаа. Голомтын судалгааг хийж, хяналтдаа авсны дараа эцсийн халдваргүйтгэл хийсэн. Одоогоор мал амьтанд боом өвчин илрээгүй. Нядалгаанд орсон малаас тус өвчин илэрсэн нь батлагдсан.
-Цуг мал нядалгаа хийж байсан хүн бий юу?
-Олон хүн байгаагүй. Хамт байсан хүмүүсийг бүгдийг нь PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан. Халдвар авсан нэг хүнээс PCR шинжилгээ эерэг гарч, 72 цагийн нян судлах шинжилгээгээр баталгаажсан. Тухайн хүнийг эмчлээд, одоо халдвар тархах эрсдэлгүй болсон.