“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, үүсээд буй эрсдэлийн талаар нарийвчлан судлах Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр болж байна. Сонсголын үеэр
Д.Төрмөнх: "MNRE” компани тус ордын тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан байна. Энэ нь хоёр үндэслэлтэй.
Нэгдүгээрт, Цөмийн энергийн тухай хуулийн дагуу тус компани нь 2009 оны арваннэгдүгээр сарын 15-наас өмнө энгийн ашигт малтмалын лиценз эзэмшиж байсан ч, тухайн лицензийг цацраг идэвхт ашигт малтмалын ангилалд шилжүүлэх ёстой байсан. Гэвч өнөөг хүртэл шилжүүлээгүй байгаа тул хуулийн 1 болон 4 дүгээр зүйлд үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлтэй.
Хоёрдугаарт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг зөрчин, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хууль бусаар батлуулсан байна. Энэ нь 2017 оны байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож, төлөвлөгөө хүчингүй болсон ч тухайн үед БОАЖЯ уг төлөвлөгөөг дахин хууль бусаар баталсан нь олон журмыг зөрчсөн.
Мөн тухайн компани орон нутгийн иргэдийн эрх ашгийг удаа дараа зөрчиж ирсэн талаар дурдсан. Бүс нутгийн ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөөгүй тул тэднийг талдаа оруулах олон янзын арга, хэлбэр хэрэглэж ирсэн. “Халзан бүрэгтэй” орд нь эдийн засгийн хувьд давуу талтай гэж үнэлэгдэх боломжгүй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө өндөртэй. Түүнчлэн малчдын зүгээс малын гаж төрөлт, өвчин нэмэгдэж байгааг мэдээлсэн. Сүүлийн арван жилд малын гаж төрөлт бүртгэгдээгүй ч 2022 оноос хойш найман тохиолдол бүртгэгдсэн байна. Байгаль орчны археологийн үнэлгээний хувьд ямар нэгэн олдвор байхгүй гэсэн дүгнэлт гаргасан ч, 2022 онд Ховд аймгийн судлаачдын хийсэн судалгаагаар соёлын өвийн үнэт дурсгалуудыг илрүүлж, Улсын цахим бүртгэлд бүртгүүлсэн. Энэ нь мөн хуулийн зөрчил байж болзошгүйг илтгэж байна. Түүнчлэн усны нөөцийн зөвшөөрөл олголтод ч хууль зөрчсөн асуудал үүссэн. Эрх бүхий төрийн байгууллагууд уг зөвшөөрлийг олгосон боловч энэ нь компанийн үйл ажиллагаатай шууд холбоотой, хууль бус нөхцөл байдал байж болзошгүй хэмээн үзэж байна" гэв.
Тэрбээр өндөр хяналт шалгалт хийж, үнэн зөвийг илрүүлэн, хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудаас хүслээ.