Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөлөл болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийлж байна.
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр хэлэхдээ: Уран болон газрын ховор элемент хоёр нь тэнгэр газар шиг өөр зүйл юм. Халзан бүрэгтэй орд дээр ямар нэгэн цацраг идэвхт газрын ховор элемент байхгүй. Байгальд байгалиасаа цацраг идэвхт цэгүүд байхыг үгүйсгэхгүй ч, газрын ховор элементийн хайгуул, олборлолтоос болж цацраг бий болдоггүй гэдгийг онцолмоор байна. Ураныг газар дор уусган баяжуулах аргаар олдог бол, Халзан бүрэгтэй дээрх газрын ховор элементийг "Таван толгой", "Эрдэнэт үйлдвэр"-ийн адил ил аргаар олборлох юм.
Газрын ховор элементийн төсөл хэрэгжвэл зөвхөн Мянгад сумын 40 жилийн цахилгаан хэрэглээг дангаараа хангах хэмжээний эрчим хүчний дэд бүтцийг бий болгоно. БНХАУ-ын Баян-Овоо уурхайн жилд олдог орлого нь Монгол Улсын бүх уурхайн жилийн орлогод дөхөхүйц хэмжээтэй. Ийм л үр өгөөжтэй төсөл юм.
Мөн тэрээр цацрагийн хяналт, аюулгүй байдлын талаарх хандлагыг онцолж, цацрагийн аюулгүй байдлыг хангах, олон улсын стандартын дагуу цөмийн болон цацрагийн хяналтаа сайжруулах шаардлагатай. Энэ орд бол Монгол Улсын дараагийн “Саалийн үнээ” байж чадна. Дэлхий дахинд газрын ховор элементийн тархалт нь алт, мөнгөнөөс ч их гэв.
Тэрбээр олон нийтийн дунд энэ сэдвээр ташаа ойлголт түгээд буйг дурдсан бөгөөд: “Энэ асуудлаар олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлд төсөл хэрэгжүүлж буй компаниуд болон холбогдох төрийн байгууллагууд илүү анхаарч ажиллах шаардлагатай. Тэр дундаа Ерөнхий боловсролын сургуулиас эхлэн физик, химийн боловсролыг сайжруулах нь чухал байна. Элементийн үелэх системээ ч мэдэхгүй байх нь бусдын хэлсэн үгэнд хэт автах, мэдээллийн манипуляцад өртөх эрсдэл дагуулж байна” гэв.
Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлагууд, иргэний нийгмийн төлөөлөл оролцож, “Халзан бүрэгтэй” ордтой холбоотой эрх зүйн, экологийн, эдийн засгийн олон талт асуудлуудыг хэлэлцэж байна.