УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар
- ""Алт-3" аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлт /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу уул уурхайн бодлогын талаар байр суурь илэрхийллээ.
Тэрбээр: “Нэг зүйлээ тодорхой болгомоор байна. Уул уурхайгаа ашиглах юм уу? Үгүй юм уу? Хэрвээ дархан цаазтай байлгах гэж байгаа бол бүх уулаа дархан цаазтай болгоё. Жишээ нь Богд уул маань төрийн тахилгат, дархан цаазат газар. Гэтэл яг энгэрээс нь талх зүсэж байгаа юм шиг зүсээд барилга босгож, "Зайсан Хилл" гэж хаяглаад барьсан хүмүүс энэ танхимд сууж л байна шүү дээ. Ялгаагүй дархан цаазтай, төрийн хамгаалалтад байдаг уул. Нөгөө талд нь үнэт металлаа олборлоё, улс орны эдийн засгийг бодоод явъя гэхээр Ноён уулаас 10 км-ийн зайд байгаа тэр ордыг Ноён уултай хамааруулж ярьж, зогсоогоод байх юм. Ийм байдлаар бид цаашаа хөгжил ярих боломжгүй. Шинэ парламент байгаад ч хэрэггүй, шинэ гишүүд байгаад ч нэмэргүй юм байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.