Dark Light
Нийгэм | 2025-09-24

НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛСАН АСУУДЛУУД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
НИТХ-ын ээлжит бус VII хуралдааны II хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлын II хэлэлцүүлгийн хуралдаан болж олонхын саналаар дэмжиж баталлаа.
 
“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
 
Хуралдааны дэгийн дагуу Засаглал эрх зүйн хороо болон Ногоон хөгжлийн хорооноос гаргасан хамтарсан санал, дүгнэлтийг НИТХ-ын төлөөлөгч Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа танилцуулав. “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан агаарын бохирдол, авто замын түгжрэл хэдэн хувиар буурах, эрчим хүч, хийн халаагуур хэрэглэх ажлын явцын хэрэгжилтийг тодорхой мэдээлэх, зуслангийн бүсийн төлөвлөлт, хог хаягдлын төлөвлөлийг оновчтой хийх болон угаарын эрсдЭлээс урьдчилан сэргийлэх, нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийж ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөлт, үр дүнд анхаарах, ногоон байгууламж, тоглоомын талбай, цэцэрлэгийн орчмын стандарт төлөвлөлт хангаж ажиллах талаар санал хэлжээ. Мөн алслагдсан дүүргүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оновчтой төлөвлөлт хийх зэрэг саналыг гаргасан байна.  
“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр агуулгын хувьд 5 бодлого, 25 зорилго, 208 зорилт болон нийслэлд хэрэгжүүлэх 12 томоохон төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, Метро, BRT буюу Тусгай замын автобус, Трамвай зэрэг томоохон 12 төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр тусгасан бол нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хөдөлгөөний эрчмийн ачаалал ихтэй газруудад шинээр нүхэн гарц бүхий олон түвшний давхар уулзвар барих төслийг хэрэгжүүлэх, Баянзүрхийн товчоо, Туул голын гүүрнээс баруун аймаг салдаг аюулгүйн тойрог хүртэлх авто зам, гүүрэн байгууламж барих “Туулын хурдны авто замын” төслийн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Мөн Хүннү хотын инженерийн дэд бүтцийг барих “Хүннү хотын дэд бүтэц” төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиг үүрэг бүхий эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийг барих “Эмээлт эко аж үйлдвэрийн парк-дэд бүтэц” төслийн бүтээн байгуулалтыг дуусгахаар тусгасан байна.
 
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай
 
Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан дэгийн дагуу Хүний хөгжлийн хорооны хурлаар гарсан санал, дүгнэлтийг НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул танилцууллаа. Тус хорооны гишүүдийн зүгээс Нийслэлийн эрүүл мэндийн газар урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй явуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, ханиад томуунаас сэргийлсэн үр дүнтэй ажил хийх, эм, эмнэлгийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл олгодог газруудад хяналт шалгалт хийх, дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн удирдлага томилдог байх, хавдрын эмнэлгийн үйлчилгээг чанаржуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санал гаргажээ.
Мөн төсөвт суусан спорт төвийн ажлыг дуусгах, нийслэлийн цэцэрлэг, сургуулийн агааржуулалтын ажил, аяга таваг ариутгагчаар хангах  ажлыг энэ онд багтаан дуусгах, дахин төлөвлөлт хийхдээ сургууль цэцэрлэгийн барилгатай төлөвлөх, хот, дүүргийн удирдлагууд хүүхэд хөгжил, хамгааллын асуудалд анхаарч ажиллах саналыг гаргажээ.
Харин НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр “Усан спорт”-ын төсөл, “UB arena”, Хүүхэд хөгжлийн зуслан, “Агро сити”, Хүннү хотын бүтээн байгуулалттай холбоотой ажлууд, Налайх болон Багануур хотын үйлдвэр технологийн парк хөгжүүлэх төсөл арга хэмжээ зэрэг томоохон төсөл ажлуудыг тусгах, түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд тархмал эрчим хүч, хийн түлшний хэрэглээтэй холбоотой зарим агуулгыг тодорхой болгож оруулах зэрэг бүлгээс гаргасан саналуудыг танилцуулав. Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төсөл нь Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлогод суурилсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
 
Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
 
Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх үед хуралдааны дэгийн дагуу НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн хорооноос гаргасан санал, дүгнэлтийг танилцууллаа. Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтыг тайлагнах, ирэх оны төсөвт Далан давхрын оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх, Хан-Уул наймдугаар хороонд баригдаж буй спорт төвийн ажлыг дуусгах, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх ажлын хүрээнд хүн амын нягтаршил ихтэй, газар чөлөөлөх боломжгүй газарт иргэн, аж ахуй нэгжийн байгуулсан цэцэрлэгийн зориулалттай барилгыг төрийн өмчлөлд шилжүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг саналыг гаргасан байна. Түүнчлэн НИТХ-ын МАН-ын бүлгээс урсгал зардал, НОСК-ийн дүрмийн сангийн хөрөнгийг бууруулах болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, он дамжин санхүүжих төсөл арга хэмжээг нэмэгдүүлэх санал гаргасан байна.
 
"Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах” тогтоолын төсөлд нийт 14.4 тэрбум төгрөгийн тодотгол оруулахаар тусгасан. Ингэхдээ нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор нэмэлт өөрчлөлт оруулж буй гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай онцолсон билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19