Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газар Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас есдүгээр сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг есдүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Э (46 настай эмэгтэй)-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Өчигдөр эрлийн баг 3 бүлэгт хуваагдан
- 1 дүгээр бүлэг: 10 хүн, 10 морьтойгоор алга болсон ‘’Дуургын нуруу’’ гэдэг газраас зүүн хойд зүгт 10км-т
- 2 дугаар бүлэг: 8 хүн алга болсон ‘’Дуургын нуруу’’ гэдэг газраас баруун зүгт 5км зайд явганаар
- 3 дугаар бүлэг: 7 хүн алга болсон гэх ‘’Дуургын нуруу’’ гэдэг газраас хойд зүгт 5км зайд явганаар нийт 25 хүн, 10 морьтойгоор 20км зайд эрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул эрлийг ажиллагааг түр зогсоосон.
Самар түүж явсан иргэдийн байсан газар нь шигүү модтой, хад асга ихтэй, хөвд зузаан, намагтай зам бартаатай явахад хүндрэлтэй байна гэх мэдээллийг Аймгийн Онцгой байдлын газар ирүүллээ.