Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.09.25/ хуралдаанаар иргэн Э.Батбаярын гаргасан Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлахтай холбоотой өргөдлийг судлан үзэж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн санал дүгнэлт болон ажлын хэсгээс боловсруулсан Засгийн Газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, 77.8 хувийн саналаар дэмжлээ.
Ажлын хэсгээс НИТХ-аас гаргасан Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ болон авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төсөл нь НИТХ-ын хуулийн хүрээнд гаргасан шийдвэр байна гэж дүгнээд Засгийн газарт авто тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдэл, зарцуулалтад хяналт тавих тухай Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтоолын төсөлд тусгажээ. УИХ болон Байнгын хороо нь хуулийн хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй тул Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг боловсруулсан байна.
НИТХ нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ болон авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хамт баталсан. Ингэхдээ тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан юм. Тухайлбал, зам ашигласны төлбөрт суудлын машин 20 мянган төгрөг төлж байсныг 100 мянган төгрөгийн татвар төлдөг болгосон юм.