УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа сүүлийн өдрүүдэд өрнөж буй улс төрийн үйл явц, тэр дундаа намын дотоод сонгуулийн талаар байр сууриа илэрхийллээ.
Х.Булгантуяа: Сүүлийн хэд хоног манай нам дотоод улс төрийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, сонгууль болох гээд нэлээдгүй бужигнаж байна. Энэ бүх үйл явц намын дотоод зодоон, хагарал тэмцэл биш, ил тод, шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсэж байна. Хэн ч намын даргаар сонгогдсон ажлууд тасралтгүй үргэлжлэх ёстой. Ард түмний эрх ашиг нэгдүгээрт байх ёстой.
УИХ-ын гишүүн болсон хүн намын бага хурлын гишүүнээр автоматаар бүртгэгддэг. Гэсэн ч шинээр сонгогдсон 18 гишүүн бага хурлын бүрэлдэхүүнд орж чадаагүй байгаа. Аймгуудын Засаг дарга, намын хорооны дэд дарга нар ч мөн бага хурлын бүрэлдэхүүнд автоматаар багтдаг. Намын дүрмийн дагуу бага хурлаас намын даргыг сонгох боломжтой. Саяхны жишээгээр ч бага хурлаас намын даргыг сонгон, их хурлаар баталгаажуулсан. Энэ нь хууль зөрчөөгүй бөгөөд Намын тухай хууль болон намын өөрийн дүрэмд нийцсэн үйл явц. Мөн намын бага хурал нь их хурлыг зарлах эрхтэй бөгөөд энэ нь намын дүрмийн дагуу 45 хоногийн өмнө зарлагдах ёстой. Ингээд үзэхээр арваннэгдүгээр сарын дундуур их хурал болох хуваарь харагдаж байна. Хэдий тийм ч, энэ хугацаанд улс төржилт, талцал нэмэгдэх вий хэмээн болгоомжилж байна.
Манай улс эдийн засгийн хувьд амаргүй нөхцөл байдалтай байна. Энэ үед улс төрийн хэт шуугиан, дотоод зөрчил нийгмийг хувааж болохгүй. Жирийн намын гишүүд ч бухимдаж, талцаж эхэлж байна. Ийм нөхцөлд намын даргыг хурдан сонгож, асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол намын бага хурлын бүрэн эрхийн асуудал хэмээв.
Тэрбээр Улс төрийн намуудын дотоод хөдөлгөөн сэргэж буйг ирэх онд хэрэгжих шинэ “Улс төрийн намын тухай хууль”-тай холбон тайлбарлалаа. Шинэ хууль хэрэгжиж эхлэх гэж байгаа тул намууд дүрмээ шинэчлэх, зохион байгуулалтаа хуульд нийцүүлэх шаардлагатай болсон. Тиймээс намын дарга нар солигдож, шинэ бүтэц рүү шилжиж байна гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын даргатай холбоотой асуудлаар байр суурь илэрхийлсэн талаар: “Б.Энхбаяр гишүүн УИХ-ын даргын талаар ярилаа гэж сонссон. Хэрэв нотлох баримт байгаа бол тэр хүний хувьд хууль зүйн сайд байсан туршлагатай, УИХ-ын гишүүн хүн. Тиймээс хуулийн байгууллагад хандах, АТГ-д шалгуулах бүрэн эрх түүнд бий. Миний хувьд түүний яриад буй материалуудтай танилцаж байгаагүй, бас ажлын хэсэгт нь оролцоогүй” гэв.