Сүхбаатар дүүргийн прокурорын газраас олны анхаарал татаад байгаа УИХ-ын хурлын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, Эрэл компанийн захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, "Таванбогд" группийн захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, Л.Алтан-Очир нарт холбогдох хэргийн талаар тодрууллаа.
Прокурорын байгууллагаас "Энэ хэрэгт нэр бүхий 4 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Б.А нь Монгол Улсын хилээр гарсан учир сэжигтнээр баривчлах мөрдөгчийн саналыг шүүхэд хүргүүлж, шүүхээс баривчлах шийдвэр гаргасан байдаг. Мөрдөгч сэжигтэн Б.А-ыг гадаад улсад эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан. Б.А нь мөрдөх байгууллагад ирж мэдүүлэг өгсөн. Мөрдөх байгууллага хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Мөрдөгч мөрдөн байцаалтын явцад яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорт гарган шийдвэрлүүлдэг. Мөрдөгчөөс санал ирүүлээгүй. Бусад яллагдагч нарыг өмнө мөрдөгчөөс цагдан хорих санал ирүүлснийг прокурор үндэслэлтэй гэж үзэж, сэжигтэн Б.А нь хилээр гадагш гарсан, яллагдагч нар нь гадаад улсын визтэй, хилээр гарч оргон зайлж болзошгүй үндэслэлээр, нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлж, танилцуулснаар цагдан хорих арга хэмжээ авч байсан.
Цагдан хорих хугацаа дуусах үед мөрдөгчөөс хугацааг сунгах санал гарган ирүүлснийг прокуророос хянаад, өмнө гаргасан оргон зайлж болзошгүй үндэслэл арилаагүй гэж үзэн саналыг шүүхэд хүргүүлсэн. Шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан" гэв.