БЯМБАА ОВОГТОЙ ЛХААЖАВ
/1949-2025/
Бидний хайрт аав, халамжит өвөө Бямбаа овогтой Лхаажав нь 2025.09.21-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд бидэнд их уй гашуу үлдээн бурхны орондоо заларлаа.
Тэрээр 1949 оны наймдугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд малчин ард Г.Бямбаагийн ганц хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1960 онд Улсын I дүгээр дунд сургуульд элсэн суралцаж, 1970 онд “Шилдэг сурагч”-аар шалгаран төгсөж, 1971 онд ЗХУ-ын Кемерово мужийн Киселевск хотын Мэргэжлийн техникийн сургуульд элсэн суралцаж 1973 онд “Геологич” мэргэжлээр төгссөн билээ.
• 1973-1979 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хайгуулын ангид
• 1980 онд Дорноговь аймгийн Цагаан суваргын ордын нөөц тогтоох геологийн ангид,
• 1981 оноос Монгол–Чехословакын хамтарсан үйлдвэрт ажиллан “Геологи, хайгуулын ангийн дарга, Уурхайн өрмийн дарга, Туслах аж ахуйн дарга, Уурхайн дарга
• 1983 онд Чулуут-Цагаандэлгийн хайлуур жоншны ордын нөөц, баялгийг тогтоосон.
• 1986–1988 онд Чехословак улсад мэргэжил дээшлүүлсэн.
• 1989 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум дахь хайгуулын өрмийн дарга
• 1993 онд Баянцагааны хайлуур жоншны уурхайн дарга
• 1994 онд Шарын голын алтны уурхайн даргаар ажиллаж байгаад 1997 оны дөрөвдүгээр 1-ний өдөр үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж групп тогтоолгож, 2009 оноос гавьяаныхаа амралтыг эдэлсэн билээ.
Миний аав өөрийн сурсан эрдэм, мэдлэг боловсролоо дайчлан Монгол Улсын Геологи, хайгуулын салбарт мэргэжлээрээ 24 жил тасралтгүй ажиллаж залуу хойч үеэ сурган дадлагажуулж, уул уурхайн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, эрхэлсэн ажилдаа нэр хүндтэй нэгэн байлаа.
Түүний мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлага, идэвх зүтгэл, хөдөлмөрийг үнэлж, Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 60,70,80,90,100 жилийн ойн тэмдэг, “VII таван жилийн гавшгайч, Уул уурхайн салбарын “Тэргүүний ажилтан”, Монгол Улсын “Тэргүүний геологич”-оор тус тус шагнагдсан нь аавын минь хөдөлмөрч, эх орондоо үнэнч зүтгэсний илэрхийлэл байлаа.
1972 онд бидний ээжтэй гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн хайртай аав, өвөө, ах байсан юм. Таны минь ажилч хичээнгүй хүнлэг зан чанар бидний сэтгэл, зүрхэнд үүрд мөнх дурсагдан үлдэх болно.
Талийгаачийн үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсдөөс