“Сэлэнгэ бодонс” сагсанбөмбөгийн багийн үүсгэн байгуулагч Л.Наранбаатартай ярилцлаа.
-МСБХ-ны “Үндэсний Дээд Лиг”-т энэ жил ямар зорилго тавьж оролцож байгаа вэ?
-Бид “өрсөлдвөл нэгийн төлөө” гэсэн зорилготой байна. Аварга авахын төлөө бүх бэлтгэлээ хангаад явж байгаа. Аварга болбол бизнес лиг рүү гарах боломжтой болж санхүүгийн хувьд илүү тогтвортой байна. Мөн Азийн зах зээлд ч гарах боломжтой. Спортыг бид бизнес гэж харж байгаа учраас тэр утгаар нь хөгжүүлэх гэж хичээж байгаа. Хэрэв ямар нэг эрсдэл гаргахгүй бол нэг байрандаа л байна. Багийн төсөв өндөр байгаа. Бид сайн тоглогч нарыг авч байгаа.
-3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдыг багтаа элсүүлсэн. Тус бүр жилийн 500 сая төгрөгийн гэрээтэй гэсэн мэдээлэл байсан. Үүний талаар мэдээлэл өгч болох уу?
-Бид хувь тоглогчийн эрхийг хүндэтгэж байгаа. Цалингаа зарлуулах эсэх нь тэр хүний эрх. Анандын хувьд өөрөө зөвшөөрч клуб гэрээний үнийн дүнг зарласан.
-Легионер тамирчин Демаркус Казинсын хувьд яг ийм гэрээтэй юу?
-Түүний гэрээний үнийн дүнг зарлавал баг торгууль төлнө. Яагаад гэвэл Казинс зөвхөн Монгол Улстай биш өөр олон улстай гэрээ хийж байгаа. Монголд хамгийн хямд гэрээг хийж байгаа гэж бодож байна. Учир нь Казинс Монголд ирэх дуртай. Монголын лиг маш гоё, үзэгчид нь гоё, бүгд сагсанбөмбөгт дуртай, хүндэлдэг, намайг хүндэтгэж, хүлээж авсан буцаж очмоор байна гэж хэлсэн. Түүний менежер нь Хятад руу явуулах хүсэлтэй байсан ч Монгол Улсад буцаж ирэх сонголтоо өөрөө хийсэн. Демаркус Казинс ирснээс хойш манай багийн цахим хуудсыг дагагчид 15 мянгаас 70 мянга хүртлээ өссөн. Үзэлт 40 сая болж байсан. Сагсанбөмбөг зөвхөн спортын тухай асуудал биш эдийн засгийн тухай асуудал. Учир нь өмнө жил Дархан хотод тоглолт болохоос сарын өмнө бүх зочид буудлуудын захиалга дүүрч, 7 хоногийн өмнөөс эхлээд бүх үйлчилгээний газрууд дүүрэн хүнтэй байсан.
-Таныг койн гаргана гэсэн мэдээлэл байсан. Энэ үнэн үү?
-Бодон койн гаргахгүй. AI ашиглаж зураг бүтээлгэсэн юм. 2028 онд “Бодонс Спорт Менежмент ХХК” анхны хувьцаат, дотоодын “Хөрөнгийн Бирж”-д бүртгэлтэй компани болох мөрөөдөлтэй байгаа. Спортын салбар эрүүлээр хөгжихөд тун хэрэгтэй. Тийм хэмжээний үнэ цэн үүсгэхийн төлөө олон сорилт, зорилго бидэнд байгаа.
-“Сэлэнгэ бодонс” баг А.Базаргүртэй холбоотой гэрээний асуудлын талаар тайлбар өгөөч?
- А.Базаргүр Бодонс багт хөгжлийн шат ахиулахад нь маш том нөлөө үзүүлсэн ур чадвартай тамирчин. Эхний жилдээ 25 сая төгрөгийн гэрээ хийсэн. Дараа жилд нь бид түүнийг багтаа авч үлдэж чадаагүй. Манай баг төвийн дутагдалтай байсан. Бидэнд А.Базаргүр үнэхээр хэрэгтэй тоглогч байсан учраас SG Apes багтай хэлэлцэж зөвхөн гэрээг нь 120 сая төгрөгөөр худалдаж аваад, түүнд 3 жилийн нийт 450 саяын гэрээ санал болгосон. Дарханд болсон тоглолтоор “SG Apes” хожсон юм. Тэр орой зодоон болж “ИНҮТ Еэс ТЛЖ” багийн тоглогчийн толгойг шилээр хагалсан. Түүнийг ирээдүйтэй тамирчин учраас тэд цагдаад өгсөн гомдлоо буцаасан. Гэхдээ үүнийг манай баг өршөөхгүй. Учир нь тамирчин талбай дээр болон талбайн гадна ёс зүйтэй байж үлгэр дуурайлал үзүүлэх ёстой гэсэн заалт FIBA дүрэм, МСБХ-ны дүрэм, гэрээнд бий. Манай баг арга хэмжээ авч торгууль хүлээлгэсэн. МСБХ-ны техникийн зөвлөл хуралдаад сахилгын шийтгэл оногдуулж 6 тоглолт өнжүүлсэн. Мөн манай багийг торгосон юм. Өндөр үнэтэй авсан тамирчин багт бодит хохирол учруулсан. Бид түүнийг сахилгын шийтгэлтэй байсан учраас 3 жилийн 450 сая төгрөгийн бэлэн болсон гэрээнд гарын үсэг зураагүй. Гэхдээ 150 сая буюу эхний жилийн цалинг өгсөн. Сахилгын шийтгэлтэй учраас урт хугацааны гэрээ байгуулахад эрсдэлтэй гэж үзээд 1 жилийн 220 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Гэвч 6 сард болсон 3x3 тэмцээний үеэр олон нийтийн нүдэн дээр багийнхаа гишүүнтэй дээрэнгүй харьцаж, зодсон. Базаргүрт олон удаагийн ёс зүйгүй үйлдлүүдээс нь үүдэн гэрээний дагуу ихээхэн хэмжээний торгууль тавигдахаар байсан ч ямар нэгэн төлбөр нэхэмжлэлгүй гэрээгээ дуусгасан. Цахим хуудсандаа олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл цацаж нэр хүндэд халдсан гэсэн байсан. Хүн зодож, хувцсыг нь урах ер нь бол гэмт хэрэг шүү дээ. Бид МСБХ-ны ёс зүйн дүрмийг мөрдөх үүрэгтэй. Том үнийн дүнтэй гэрээгээ алдсан учраас гомдол байдаг байх. Гэмт хэргийн бүртгэлээ тавьсан байсан. Зодуулсан хүмүүс нь гомдол өгөөгүй юм чинь цагдаа дээр хэрэг үүсэхгүй шүү дээ. Үйлдсэн үйлдэл нь үнэн, олон зуун тамирчдын нүдэн дээр болсон нь үнэн. Клуб олон хүнээс мэдүүлэг авч байж арга хэмжээ авсан. Хэрвээ Базаргүр дахин олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч клубийн нэр хүндэд халдах юм бол шүүхэд хандаж, төлсөн төлбөрөө нэхэмжлэхэд бэлэн байгаа. Миний хувьд би Базраад хайртай. Цаашдаа сайн амжилт гаргаарай, сайн сайхныг хүснэ ээ.
Б.ЭНХЗАЯА