Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжллэлийн үеэр Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын (UNCCD) Талуудын 16 дугаар бага хурал (COP16)-ын даргалагч Саудын Арабын Хаант Улс, 17 дугаар бага хурал (COP17)-ын даргалагч Монгол Улс болон Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хамтран Өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулав.
Өндөр түвшний арга хэмжээнд Саудын Арабын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайд Абдулрахман Аль Фадлей, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Андреа Меза нар оролцож, нээлтийн үг хэлэв.
Дэлхийн нийт газар нутгийн 40 хувь нь газрын доройтолд өртөж, хүнсний болон усны аюулгүй байдал, хүн амын амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Гангийн давтамж, цар хүрээ нэмэгдэж, жил бүр 307 тэрбум ам.долларын хохирол учруулж байгаа нь хөгжиж буй орнуудад илүү хүндээр тусч байна. Тиймээс газар, хөрсөө сэргээж, ган гачигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд улс төрийн болон санхүүгийн дэмжлэгийг сайжруулах шаардлагатайг төлөөлөгчид санал нэгтэйгээр цохон тэмдэглэлээ.
UNCCD COP16-ын үеэр “Эр-Риядын Гангийн тэсвэртэй байдлын дэлхийн түншлэл” санаачилгыг эхлүүлж, 12 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт хүлээн авсан. Харин 2026 онд Улаанбаатар хотноо болох Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) нь “Бэлчээр ба нүүдэлчдийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-тэй давхцаж буйгаараа онцлог юм.
Саудын Арабын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайд Абдулрахман Аль Фадлей хэлсэн үгэндээ “Саудын Арабын Хаант Улс нь цөлжилт, газрын доройтолтой тэмцэх олон улсын амлалтуудыг бодит үр дүнд хүргэхийн төлөө Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байна” гэж онцолсон.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монгол Улс COP17 бага хурлыг хүлээн авч зохион байгуулахдаа байгальтай зохицон амьдрах уламжлалт мэдлэг, тогтвортой бэлчээр ашиглалт, хөрс хамгааллыг дэмжих шийдлүүдийг дэлхийн улс үндэстнүүдтэй хэлэлцэж, туршлагаа хуваалцахад онцгой ач холбогдол өгнө” хэмээн мэдэгдлээ.
Арга хэмжээний үеэр олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид газрыг нөхөн сэргээх, орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэх санхүүгийн шинэ шийдлүүдийг танилцуулсан болно.