Монголын уламжлалт өв соёл, үндэсний спорт, мөн орчин үеийн элсний спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дундговь 2025” II Элсний наадмыг Дундговь аймгийн Мандалговь хотод 9 дүгээр сарын 28-нд зохион байгуулах гэж байна.
Монголын Үндэсний Олимпын хорооноос зохион байгуулж буй тус спорт өдөрлөгт Элсний волейбол, элсний бөхийн барилдаан, эйр бадминтон, үндэсний шагайн харваа, Тэмээн уралдаан зэрэг спортын тэмцээн уралдаан болно.
Анхдугаар Элсний наадам 2023 онд амжилттай зохиогдсон бөгөөд хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээ нь цаашид Монголд элсний спортын хөгжлийг шинэ түвшинд хүргэх, үндэсний онцлогийг хадгалсан спортын томоохон наадам болон төлөвшүүлэх зорилготой юм.
