Намрын налгар өдрийн морин цагт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын сүсэгтэн олон баяртайгаар цугласан нь онцгой өдрийг илтгэж, нэгэн түүхэн үйлсийн эхлэлийг тавилаа.
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж, ТЛЗХ-ны ажлын албаны ажилтан, гавж Д.Алтаншагай тэргүүтэй лам хуврагууд тус суманд айлчилж, түүхэн хийдийг сэргээн байгуулах ажилтай танилцлаа.
Энэхүү хийдийн үйл ажиллагааг санаачлагч Б.Болор-Эрдэнэ нутгийн иргэдийн өргөл, хандивын буянаар хэрэгжүүлж ийнхүү шинэ хийд босож буй нь нутгийн түүх соёлыг хадгалж үлдэх, бурхан номын үйлсийг түгээх үйлсийн чухал эхлэл болж байна.
Тэргүүн хамба лам Д.Жавзандорж айлдвартаа:
“Хийд орон барина гэдэг бол онцгой буян. Энэ буян энэ насанд төдийгүй, ирээдүй хойчид ч арвижиж байдаг. Сүм дуган бүтээх нь сүсэгтэн олны сэтгэлийг ариусгах, нийгэмд амар амгаланг түгээх чухал үйлс юм” хэмээн онцолж, хийдийн цаашдын зохион байгуулалт, удирдлагын бүтцийг хууль ёсны журмын дагуу үе шаттайгаар бүрдүүлэхийн чухлыг хэлэв.
Хийдийн барилгын ажлыг “Амар гаджетс” ХХК-ийн захирал Н.Оргилсайхан гүйцэтгэж буй бөгөөд бүтээн байгуулалтад оролцсон бүх хүмүүст, иргэдийн чин сэтгэлийн хандив, ивээлээр бүтээн байгуулалт өрнөж буйд Тэргүүн хамба лам Д.Жавзандорж талархал илэрхийлсэн юм.
Тэрээр мөн Бурханы шашин Монголд 2000 гаруй жилийн өмнөөс Энэтхэгээс дэлгэрч, түүхэндээ гурван удаа сэргэсэн тухай дурсан, Өндөр гэгээн Занабазарын үеэс улам өргөжин дэлгэрсэн хийгээд өнөө цагт шашин шүтлэг нь хүмүүний сэтгэлийн амар амгалангийн үндэс болж, нийгэмд эв эеийг бэхжүүлэх ач холбогдолтойг чухалчлан тэмдэглэж байлаа.
“Ногоон дарь эх, Манзушир бурхны тарнийг уншиж, маани уншлагыг дадуулснаар сүсэгтэн хүн бүрд итгэл найдвар оршдог. Буян хурааж, сэтгэлийн амар амгаланг сахих нь бидний зам мөрийн гол үндэс юм” гэж айлдлаа.
Түүнчлэн гавж Д.Алтаншагай ламын удирдлага дор зан үйл, дэг жаягийг баримтлан өрнөж, хийдийн суурь тавих эхлэл тавигдсан нь сум орны сүсэгтэн олны хувьд баяр талархалтай өдөр болов.
Ийнхүү намрын налгар өдөр Сэлэнгийн Баянгол сумын шинэ хийдийн үүд хаалга удахгүй нээгдэхнээ, Тус нутгийн уул хөндийд номын дуун сонсох болсон нь Монгол орны өнцөг булан бүрд бурхан номын үйлс улам дэлгэрэхийг бэлгэдсэн сайхан үйлс байлаа.