Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж яваад 46 настай эмэгтэй сураггүй алга болж, ес дэх өдрөө эрэн хайж байна. Анх онцгой байдлын газарт “Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас есдүгээр сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчимд иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн. Хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг есдүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Одоогоор тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Хилийн цэргийн 0257 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан иргэн Э /46 настай эмэгтэй/-ыг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Эрэн хайх ажиллагааны талаар Хөвсгөл аймгийн онцгой байдлын газраас тодруулахад “Одоогоор эрлийн ажилд ямар нэгэн ахиц гарсан зүйлгүй. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 50 гаруй төрийн алба, мэргэжлийн анги нэгтгэлийн алба хаагч, тухайн үед хамт самарт явж байсан иргэд хамтран хайж байна. Тухайн иргэний алга болсон газар өтгөн ой тайгатай хэсэг” хэмээн мэдээлэв.
Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар таван аймгийн 11 сум, нийслэлийн хоёр дүүрэгт самар түүх үедээ төөрч, сураггүй болсон 19 тохиолдлоор 20 иргэнийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулжээ. Үүнээс хоёр иргэнийг амь насаа алдсан байдалтай олжээ.