Dark Light
Нийгэм | 2025-09-29

НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮД БУЛЛИДЭЛТ ХИЙСЭН ҮҮ?

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль үе тэнгийн дээрэлхэл үйлддэг байж болзошгүй, насанд хүрсэн иргэнийг сурагчид элдвээр дайрч, доромжилж байгаа талаар иргэн Г.Уянга цахим орчинд мэдээлсэн. Тухайн үед юу болсон талаар иргэн Г.Уянгаас тодрууллаа. 
Тэрбээр “Хүүхдийн тоглоомын талбайд битгий суррон унаач гэдэг шаардлагыг тухайн үед насанд хүрсэн хүнд тавьсан. Түүнийг нь тэнд байсан бүлэг хүүхдүүд яагаад бид унаж болдоггүй билээ гэж хэгжүүрхээд, надтай маргасан. Түүнээс арваад минутын дараа тэдгээр хүүхдүүд цахилгаан тээврийн хэрэгсэл түрээслээд, бага насны хүүхдүүдийн тоглоомын талбайг тойрч эргэлдэх асуудал гарсан. Наадах чинь цахилгаан тээврийн хэрэгсэл, үүний ард суувал жолооч болдог юм аа. Энд бага насны хүүхдүүд байна гэж тайлбарлахад миний харж байсан 5-6 хүүхдийг тоглоомын талбай дундуур элдэж хөөх, миний урд ардуур сүлжилдэх зэрэг үйлдлүүд хийж эхэлсэн. Үүний дараа тэдгээр хүүхдүүд намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Би амьдралдаа тийм доромжлол сонсож байгаагүй. Үүнд нь би үнэхээр бухимдсан. Миний болон миний харж байсан хүүхдүүд рүү халдсан болохоор би бичлэг, зургийг нь авсан байсан. Тухайн үед арваад хүүхэд тэнд байсан. Түүнээс нэг хүүхдийнх нь зургийг цахим орчинд нийтлээд “энэ ер нь хэний хүүхэд юм бэ. Эцэг, эх нь ямар хүмүүс байдаг юм бэ” гэдэг байдлаар бичсэн. Тухайн үед би Нэгдүгээр сургуулийн нийгмийн ажилтантай холбогдсон. Танай сургуулийн хүүхдүүд байх шиг байна. Танхайраад байна гэдгийг хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь сэрээд утсаа нээтэл миний сошиал аккаунтад доромжоор битүү сэрсэн. Тухайн үед танхайрсан хүүхдүүд өөрсдийнхөө аккаунтаар над руу дайралт хийсэн байсан. Дахин нийгмийн ажилтантай нь холбогдтол “Бид тухайн хүүхдүүдийг олсон. Хоёр бүлэг дамжсан наймдугаар ангийн хүүхдүүд байна. Чи постоо устгачих” гэсэн шаардлага тавьсан. Би постоо устгахгүй. Энэ чинь бүлгийн танхайрал. Эдгээр хүүхдүүд бүр ийм дадалтай, зан үйлтэй байна. Танай сургууль эдгээр хүүхдүүдийн эцэг эхтэй нь уулзаж ямар арга хэмжээ авах вэ. Энэ бүлгийг тас лан зогсоох ямар арга хэмжээ авахаа надад тайлбарлах үүднээс бүгдээрээ 16:00 цагт уулзъя гэж цаг тохирсон. 16:00 цагт уулзахаар очтол Нэгдүгээр сургууль хүүхдүүдийнхээ үйлдлийг тас лан зогсоох, ухамсарлах биш намайг муу хүн гэж итгүүлэх, намайг харлуулах талаар захирал, менежментийн алба нь ажилласан. Хүүхдүүдийг зодсон гэж гүтгэх гэж оролдсон. Сүүлдээ захирал нь дуугаа өндөрсгөж үзсэн. Би тайлбарлаад хүлээж аваагүй. Намайг хүүхдийн эрхэд халдсан хэмээн буруутгасан. Багш, ажилчид нь сошиалаар над руу дайрсан. Ингээд энэ булли бүлгийн хохирогч болсон хүүхдүүд над руу олноороо хандсан. Мөн нэгдүгээр сургуулийн буллидэлтэд өртсөн, хүүхдүүд нь хохироод сэтгэл зүйн хувьд гэмтэл авсан хүүхдүүдийн эцэг эхчүүд хандаж эхэлсэн. Тэр үйл явдал өнгөрсөн 4 дэх өдрийн орой болсон. Гэтэл одоог хүртэл над руу “Чи үхээч” гэдэг буллидэлт сошиалаар тасралтгүй ирсээр байна” гэлээ. 
Энэ талаар Нэгдүгээр сургуулийн захиргаанаас тайлбар авахыг хүссэн боловч “Захирлын өгөхийг зөвшөөрсөн хэвлэлүүдэд л тайлбар өгнө” хэмээн бидэнд тайлбар өгөхөөс татгалзав. Ингээд NTV телевизэд Нэгдүгээр сургуулийн нийгмийн ажилтан Г.Галнарангийн өгсөн тайлбараас товчлон хүргэж байна. 
Энэ үйл явдал өнгөрсөн долоо хоногийн 4 дэх өдрийн орой буюу хичээл тарсны дараа урд байрны тоглоомын талбайд өрнөсөн үйл явдал. Энэ нь сургуулийн бус орчинд өрнөсөн, хичээлийн бус цагаар буюу эцэг эхийн хараа хяналтад байх ёстой 18:00 цагт хүүхдүүд хичээл тараад хариагүй ийм байдал үүсгэсэн байгаад байгаа. Хичээл тарахад хүүхдүүдийг эцэг эх хариуцна гэсэн багш, эцэг эх, сургуулийн гурван талын хамтарсан гэрээ байгуулдаг. Бүхий л сургууль энэ гэрээг байгуулж байгаа. Мөн сургуулийн орчинд цахилгаан тээврийн хэрэгсэл унаж болохгүй гэсэн шинэ журам гарсан. Гэсэн ч хүүхдүүд санамсар болгоомжгүй үйлдэл хийж ийм үйл явдал болсон. Бид хүүхдүүдтэйгээ уулзсан. Бидэнд албан ёсоор гомдол гаргасан зүйл байхгүй мөртлөө цахим орчинд хүүхдийн зурагтай пост оруулсан. Үүнийг нь бид тав дах өдрийн өглөө буюу есдүгээр сарын 26-ны өглөө ажил эхлэхэд мэдсэн. Багш нараас асуугаад тухайн ангийн, тэр гэдэг хүүхэд гэдгийг мэдэж авсан. Ингээд эцэг эх, сэтгэл зүйч зэрэг хүмүүстэй холбогдоод, хүүхдүүдтэйгээ уулзаж тодруулсан. Хүүхдүүд үл ойлголцох байдал гарсан. Тухайн хүн бидэн рүү дайрч давшлах, зарим хүүхдийн биед халдах асуудал гарсан. Ийм учраас бид үг хэллэг хэрэглэсэн. Зохисгүй үг хэллэг хэрэглэсэн. Энэ бидний буруу. Мөн мопед, скүүтэр унасан нь бидний буруу гэдгээ хүлээсэн. Буруугаа ойлгож уучлалт гуйсан. Алдаа дутагдлаа ойлгосон. Тухайн сурагчийн ээж нь Уянга гэдэг хүн рүү утсаар холбогдож уучлалт гуйсан. Хүүхдүүдэд сурагчийн дүрэмд харш үйлдлийг олон нийтийн газар дахин гаргаж болохгүй. Энэ үйлдэлдээ ухамсартай, анхааралтай хандаарай гэдгийг маш сайн хэлж ярьж буруу үйлдэл шүү гэдгийг ойлгуулсан. Тухайн үед хүүхдүүд санамсаргүй тохиолдлоор тэнд тэгж таарсан. Хүүхдүүд бүлэглэлээр сургуульд дээрэлхэл үйлддэг гэсэн асуудал бол гарч ирээгүй. Тухайн үед иргэн Уянга 16:00 цагт уулзах тов гаргасан. Бид хүүхэд хамгааллын багаа бүрдүүлээд, хүүхдүүдийн ангийн багш, эцэг эхийг дуудаад яг тухайн үед хүүхдүүдээ оролцуулаагүй. Эхлээд томчуудын ойлголцлын түвшинд ярилцана гэсэн зорилготой уулзсан. Уулзалт эхлээд удаагүй байтал гомдол гаргагч иргэн нэлээд бухимдалтайгаар бидний үгийг сонсохыг хүсээгүй. Ойлголцолд хүрч чадаагүй. Асуулгыг тодруулах явцад биднийг ямар арга хэмжээ авсан, яаж ажилласан гэдгийг бүрэн сонсолгүйгээр тэр хүн бухимдаад гарч одсон. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26