Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Даян Дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” (ENSURE) төслийг 2019 оноос эхлэн өнөөг хүртэл 7 жилийн турш амжилттай хэрэгжүүлж, байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт тодорхой үр дүн, шинэлэг санаачилгуудыг нэвтрүүлсэн байна.
Төслийн Удирдах хорооны хурал 2025.09.29-ний өдөр боллоо. Ээлжит хурлаар 2025 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, төслийн эцсийн шатны үнэлгээний үр дүн болон төсөл дуусаны дараах тогтвортой байдлыг хангах стратеги зэргийг танилцуулав.
ENSURE төслийн хүрээнд бэлчээрийн доройтлыг бууруулах, тэжээлийн ургамал тариалах, хадлангийн талбай хаших, хөв сэргээн засварлах, малын чанар, үүлдэр угсааг сайжруулах, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон төрлийн, үр нөлөө бүхий арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь төслийн үндсэн хэрэгжүүлэгч талын нэг ХХААХҮЯ-ны бодлого, хөтөлбөр, зорилтуудтай нягт уялдсаныг дурдаж болно. Тухайлбал:
Малын чанарыг сайжруулах, үржлийн ажлыг зохион байгуулах ойрын болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг төслийн 13 сумын хэмжээнд боловсруулсан;
Мал үржүүлэг, технологийн нэгжийг 3 суманд байгуулж, цөм сүрэг сонгон, 260 толгой бог малын хээлтүүлэгч нийлүүлсэн;
Хоногт 1 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий пробиотик сүүний цехийг Завхан аймгийн Их-Уул, Архангай аймгийн Батцэнгэл, Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд байгуулсан;
Малын дайвар бүтээгдэхүүн боловсруулах жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг Завхан аймгийн Тоонцэнгэл, Их-уул, Архангай аймгийн Өлзийт, Эрдэнэмандал сумдад нийлүүлж шинэ технологийн сургалтууд явуулсан;
Хурга махлуулах ажлыг амжилттай зохион байгуулснаар хавар төллөсөн хургыг намар 40-50 кг хүргэж тухайн жилд нь борлуулах, бэлчээрийн даацыг бууруулахад бодит нөлөө үзүүлэх боломжийг олгосон, хурга махлуулах стандарт боловсруулж батлуулсан;
Шинэ Зеландийн ноос хяргах тоног төхөөрөмжийг нийлүүлж, сургалт явуулснаар олон улсад туршлагажсан ноос хяргагч малчин залуус хоршоо байгуулан ажиллах, ноосны ашиглалтыг сайжруулах зэрэг олон шинэлэг ажлууд бий болж, шинээр 300 гаруй байнгын ажлын байр бий болсон байна.
Монгол орны сэрүүн бүсийн ой, ялангуяа говийн бүсэд заган ой, тооройн төгөлийг хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээр сайжруулах, зэрлэг амьтан хамгаалах ажилд төслийн зорилтот нутгийн малчид, иргэд төдийгүй нийт ард иргэдийн оролцоог мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн нь хот хөдөөд байгаль орчны мэдлэг, хандлага, дадалыг бэхжүүлж, биологийн олон янз байдлыг хамгаалж, хойч үедээ байгалиа унаган төрхөөр нь өвлүүлэн үлдээх чухал юм.