Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Булган, Хөвсгөл аймагт нийт 6 ой, хээрийн түймэр бүртгэгдэж, 4 түймрийг бүрэн унтрааж, 2 түймрийг унтраахаар ажиллаж байна.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Чулуунхороот, Хэнтий аймгийн Хэрлэн суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтрааж, Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Галт суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Ойн тухай хуульд зааснаар ”Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг. Тиймээс иргэд та бүхнийг ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сахиж, ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.